Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-11-2017, 02:56   Хэсэг: Шүүхүүд мэдээлж байна   Сэтгэгдэл: 0  

Г.Оюунцэцэг: Шүүхэд хандах учраа олохгүй газраа луйвардуулж байгаа хүн олон бий

Г.Оюунцэцэг: Шүүхэд хандах учраа олохгүй газраа луйвардуулж байгаа хүн олон бий
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн Г.Оюунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр хоёр байгууллагын газрыг түрээсэлсэн гэх үндэслэлээр таван жилийн өмнө шүүхэд дуудагджээ. 

 -Газартай холбоотой удаан хугацаанд үргэлжилсэн маргаан юунаас болсон бэ?
 
-Би 2006 онд үйлчилгээний зориулалт бүхий жижиг газар дээр барилга барихаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас зөвшөөрөл авсан юм. Ингээд эзэмшил газартаа барилгын ажил эхлэх гэтэл "Шаштир трейд”, "Мон-Оргил” гэсэн хоёр компани барьсан хашааг Маань буулгаж, хүч түрэмгийлсэн. Энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтсан. Бүр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

-Тэгэхээр таныг иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар дуудсан юм уу?

-Тэгсээн. Миний эзэмшил газартай давхардуулж захирамж гаргуулаад "Энэ хүн миний газрыг түрээсэлдэг” гээд зургаан сая төгрөгийн нэхэмжлэл гаргуулсан байсан. Ийм шударга бус байж болохгүй шүү дээ. Хуурамч баримт гаргаад л хүний хувь заяаг шийдчихнэ гэж бодсон байгаа юм. Би багагүй хугацаанд судалсны эцэст нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

-Газрын албанаас хуурамч бичиг баримт гаргуулсан гэж үү?

-Би тэр газрыг эзэмших гэж 2000 оноос хойш хөөцөлдсөн. Тэгэхдээ жирийн иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд ямар олон шат дамжлагаар явдгийг биеэрээ үзэж мэдэрсэн. Олон жил тууштай хөөцөлдсөний эцэст 2007 онд газар эзэмших албан ёсны эрхтэй болсон. Тэр хугацаанд газар дээрээ барьсан жижиг байшинг маань шатаасан үйлдэл удаа дараа гаргасан. Эзэн холбогдогч нь тогтоогддоггүй байлаа. Зарим нэгэнд инээдтэй санагдаж болох ч миний хувьд их хэмжээний хохирол амссан.

Ганцхан би биш, олон иргэн ийм асуудлаас болж хохирч байгаа. Төрийн байгууллага, газрын албаныхан яаж хуурамч баримт үйлдэж, давхцал үүсгэж, иргэдийн газрыг булааж авдгийг энэ хугацаанд нүдээрээ үзлээ. Иргэдэд бол үнэнээр яваад баримтаа бүрдүүлнэ гэдэг амаргүй даваа. Гэтэл төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс гажуудал үүсгэж хуурамч бичиг баримт гаргаж өгч байсан. Тэр бүхнийг мэдсэний үндсэн дээр өөрөө учгийг нь тайлахаар нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд хандсан.

-Та газрын албанд итгэл алдарсан юм байна. Шүүх нөгөө талд шийдвэр гаргах вий гэж эмээсэн үү?

-Өмнө нь шүүхээр үйлчлүүлж явсангүй. Нуугаад яах вэ, шүүхээс эмээж л байлаа. Шүүхийг мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэнд үйлчилдэг газар гэсэн ойлголттой явж ирсэн. Шүүх иргэн хүнд үйлчилдэг, шударга үнэний талд байдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Шүүхэд хандсанаас хойш таван жил гаруй хугацааны дараа хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ.

Нотлох баримтын хүрээнд үнэн бодитой шийдвэр гаргаж өгсөн анхан, давах, хяналтын шатны шүүхэд маш их баярласан. Шүүх сайхан болж. Ил, тод нээлттэй ажиллаж чадаж байна. Одоо цагдаагийн байгууллагад энэ шинэчлэл хэрэгтэй байна. Хуулийн систем бүхэлдээ ингэж өөрчлөгдвөл сайхан.

-Та газрын маргаантай холбоотой асуудлаар маш их хугацаа алджээ?

-Тэгэлгүй яах вэ. Шүүхээр явсан маань хүүхдээр бол хүүхэд төрөөд, хэлд орж, цэцэрлэгээс сургуульд орох хугацаа гэсэн үг шүү дээ. Энэ хугацаанд байшин барих мөнгөө хадгаламж зээлийн хоршоонд алдсан. Газрын зөвшөөрөл авахын тулд удаан хугацаанд хөөцөлдөж, өмгөөлөгч авахад багагүй хөлс төлж, газрын үнэлгээ, барилгын зураг төсөл гаргуулах гээд бараг 100 орчим сая төгрөгөө зарцуулсан. Энэ бол бодит хохирол, дээр нь сэтгэл санаа гээд яривал асуудал байна шүү дээ.

-Ямартай ч газрын асуудал шийдэгджээ. Одоо нөгөө компаниуд болон газрын алба ахиж асуудал үүсгэхгүй байх?

-Шүүхээр яваад хэргээ үнэн зөв, шударга шийдвэрлүүлсэн хүн чинь урам оролгүй яах вэ. Шүүхэд хандах учраа олохгүй газраа луйвардуулж байгаа хүн олон бий. Саяхан төрсөн дүүгийн маань газрыг амьдарч байхад нь хэд хэдэн хүнд өгчихсөн байгаа юм. Энэ бол арай дэндэж байгаа биз. Энэ асуудлаар дүүгийнхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхэд хандаад явж байна. Өөрөө туршлагатай болсон учраас хохирсон хүмүүст чадахаараа тусална гэж бодож байгаа. Арай гэж өөрийн болгосон газраа зөв ашиглах зорилготой байгаа. 


Эх сурвалж: Өглөөний сонин 2017.11.20

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 278  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Нэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031