Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-12-2014, 10:51   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Амьд цэцэгс, алдартнуудын афоризмоор гоёсон шүүхээр иргэд тухтай үйлчлүүлж байна

/Сум дундын 4 дүгээр шүүхээс хийсэн сурвалжлага/

 

С.Цэрэндулам ерөнхий шүүгчтэй Булган аймаг дахь Сум дундын 4 дүгээр шүүх Г.Мягмарсүрэн, С.Цэрэнханд, Л.Дарьсүрэн нарын 4 шүүгчтэй, жилийн дөрвөн улиралд 17 суманд нүүдэллэн ажилладаг. Хөдөө орон нутагт,тэр дундаа сум багт газар дээр нь хүрч, шүүхийн үйлчилгээ, шинэтгэлийн үр нөлөөг иргэдэд хүргэж байгаа тус шүүх өөрийн гэсэн өнгө төрх, эмх цэгцийг илтгэх аж. Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зочилж, цахим шүүхийн нээлттэй мэдээлэлтэй олзуурхан танилцаж байсан энэ шүүхийн уур амьсгал тэр үеийнхээс ч элгэмсүү, тухлаг орчныг иргэддээ бүрдүүлжээ.

 

Шатаараа дүүрэн амьд цэцэгс алаглуулж, коридороо аквариумтай загасаар гоёж, хананд нь алдартнуудын афоризм ярайх орчинд алхаж яваа иргэн хэний ч шүүхэд яваа гэх сэм түгшүүр ор мөргүй арилахаар...Иргэд тэдгээр онч үгсийг гар утсандаа буулгаж авч байгаа харагдана. Шүүгчдийн туслахууд шилэн хорго бүхий буланд иргэдийг хүлээн авч, хэрэгтэй мэдээллийг нь өгч байгаа нь бухимдал, хүндрэл үүсгээд байхааргүй шуурхай аж. 

 

 

 
 
Шүүгчид, тэдний туслахуудын өрөө тасалгаа хотынхтой харьцуулахад хамаагүй уужуу, бас өөрсөддөө бүрдүүлсэн цэмцгэр орчин эзэн хичээвэл гэдгийг эрхгүй санагдуулам. Тус шүүх цахимаас гадна "Шүүхийн мэдээлэл" хэвлэмэл өнгөт хуудсаар үйл ажиллагаагаа тогтмол тайлагнаж, мэдээлдэг нь бас л тэдний бүтээлч санал, санаачлага.

 

 

"Шүүх бүрэлдэхүүн дутуу, ачаалал ихэсч байгаа өнөөгийн байдлаар нэг шүүгч дунджаар эрүүгийн 29, иргэний 130, захиргааны зөрчлийн 68 хэрэг, нийт 227 хэрэг маргаан шийдвэрлэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 20 гаруй хувьд нь давж заалдах, хяналтын гомдол гаргаж, үлдэх 70 гаруй хувийг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч байгаа дүн мэдээ нь шүүхэд итгэх итгэлийн гол үзүүлэлт гэж үзэж болохоор байна.

 

Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүгчийн хараат бус байдал хангагдаж, хэвийн ажиллаж амьдрах эрх зүйн орчин бүрдсэн.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчид "Нөлөөллийн мэдүүлэг" хөтөлдөг болсноор шүүгчийн хараат бус байдлын гадаад, дотоод нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр болсон гэж шүүгчид үзэж байна. "Шүүхийн шийдвэр, тогтоолыг шүүхийн цахим санд байршуулснаар тэдний хариуцлага өндөржиж, иргэд хүссэн цагтаа мэдээлэл авах боломжтой болсон" хэмээн Сум дундын 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэндулам бидэнд товч танилцуулга хийлээ. Энэ шүүх хоёр дахиа зочилж буй холын сэтгүүлч надад орон нутгийн шүүхийн энгийн мөртлөө даруухан, ажил хэрэгч, эрхэлсэн ажилдаа эзэн болсон шүүхийн хамт олныг илтгэж байсан хэдий ч зорьж ирээд үйлчлүүлж байгаа иргэдэд үйл ажиллагаа нь хэр нээлттэй, ил тод, хүртээмжтэй байж,Шүүхийн тухай багц хуулийг хэрхэн биелүүлж байгаа нь хамгийн чухал.

 

Тиймээс шүүхийн шинэтгэлийн ахиц, үр дүн,шударга ёсны үйлчилгээний талаархи иргэдийн бодит үнэлэмжийг хамгийн түрүүнд тандахаар зарим иргэдтэй ярилцсанаа хүргэж байна. Тус шүүхийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй сурвалжлагыг бид та бүхэндээ цувралаар хүргэх болно.

 

 

Булган аймгийн иргэн О.Бат-Өлзий: Хилс хэргээс цагаатгаж өгсөн шүүхэд баярлалаа

 

- Шүүхийн шинэтгэлийн талаар та ямар үнэлэмжтэй байгаагаа хуваалцаж болохсон болов уу?

- Шүүхийн шинэтгэлийн талаархи сэтгэгдэл өндөр байна. Шүүхийн байгууллага хэрэг маргааныг нухацтай шийдвэрлэж, шударга ёсны дагуу үнэн, худлыг ялгаж байгаад би баярлаж яваагаа илэрхийлье.Шүүхийн шинэтгэлийн үйл явц хүний нүдэн дээр илт байна. Шүүх хуралдааны танхим, тэнд яригдаж байгаа бүхий л үйл явц, дүрс бичлэгээр шууд цацагддаг болжээ. Энэ нь ямар нэгэн хөндлөнгийн нөлөөгүй иргэн хүнд хүрч байгаа шүүхийн ил тод байдал гэж үзэж байна.

 

 

Та ямар шалтгааны улмаас шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх болов? Шүүхийн үйлчилгээнээс таны сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа юу байв?

- Би авто аваарийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан.Намайг цагдаагийн байгууллага хилс хэрэгт гүтгэж,нэг жил таван сар саатуулан хорьсон. Би 2008 оноос хойш жолоо барьж байгаа хүн. Ингэж хүнд хэргээр эрхээ хязгаарлуулан, удаан хугацаагаар хоригдсоны эцэст шүүхийн байгууллага намайг нотлох баримтыг үндэслэн "Энэ хэргийг үйлдээгүй хүн юм" гэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөн.Үүний төлөө би "Сум дундын 4 дүгээр шүүх хуулийн дагуу, гадны нөлөөлөлгүй,шударга үнэнээр хэрэг маргааныг шийдвэрлэдэгт нь баярлалаа" гэж талархлаа илэрхийлмээр байна.Миний эрх чөлөөгөө хасуулаад хоригдсон хугацааны хүнд бэрх, сэтгэлийн шаналлыг надаас өөр хэн ч мэдрэхгүй шүү дээ. Ажил амьдралаараа хохирч хий дэмий өнгөрөөсөн тэр цаг хугацаа ч эргэн ирэхгүй.

 

- Та үүнээс өмнө шүүхээр үйлчлүүлж байсан уу? Тэр үетэй харьцуулахад ялгаа зааг байна уу?

- Би өмнө нь шүүх, хуулийн байгууллагаар явж байгаагүй. Анх удаа автын хэрэгт холбогдож, шалгагдсан маань энэ. Шүүхийн ажилтнууд, туслахууд надад хүнлэг хандлагаар хандаж байсан нь ажил үйлс нь өөдрөг, бүтэмжтэй байгаагийн л шинж гэж үзэж байна. Би өмнө нь шүүхийн талаар дэгс ташаа мэдээлэлтэй байгаагүй учраас хэргийг маань үнэн зөвөөр хуулийн дагуу шийднэ гэж итгэж орсон. Түүгээрээ ч шүүхийн шударга ёсны үйлчилгээг биеэрээ мэдэрлээ.

 

Иргэдийн төлөөлөгч Ж.Чагнаа: Шүүхийн талаархи иргэдийн мэдлэг тааруу байдаг

 

- Сум дундын 4 дүгээр шүүхэд иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоо ямар түвшинд байгааг та тодорхойлохгүй юу?

- Би иргэдийн төлөөлөгчөөр 2 дахь жилдээ ажиллаж байна.Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргүүдийн шүүх хуралдаад иргэдийн төлөөлөгч зохих ёсоор үүрэг оролцоотой байгаа.Миний хувьд шүүх алив хэрэг маргааныг баримтанд тулгуурлан зөв шийдвэрлэж байгаа гэж боддог. Нэг үеэ бодоход шүүхийн шийдвэр олон түмэнд ил тод, нээлттэй сайхан боллоо.Шүүх хуралдааныг дүрс бичлэгээр баталгаажуулж байна.Зарим хүмүүсийн ташаа ойлголтоор шүүх эрх мэдэлтэй, баян хүмүүст үйлчиллээ гэсэн хардлага байдаг л даа. Би хувьдаа тэгж боддоггүй. Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн байгаа. Ийм учраас бид шүүх хуралдаанд өөрсдийн дүгнэлтээ хийж л ажиллаж байна.

 

- Шүүх хуралдаанд байнга сууж ажиглаж байхад иргэдийн шүүхэд хандах хүндэтгэл, хувийн итгэл үнэмшил ямар байна вэ?

- Зайлшгүй амьдралд нь шаардлага гарч шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаа хүмүүс бусдаасаа арай илүү мэдлэг, мэдээлэлтэй байдаг.Нийт иргэдийн хувьд шүүхийн талаархи мэдлэг тааруу гэж үздэг.Эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ард иргэд маань бага боловч судалж, мэдлэгтэй байх ёстой.

 

- Шүүгчдийн ажлын ачаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл хөндлөнгөөс ямар харагдаж байна вэ?

- Манайх бол эрүү, иргэний хэргийн шүүх хуралдааны танхимуудтай.Бусад шүүхүүдтэй харьцуулахад байр танхим харьцангуй хангалттай. Хүнд гэмт хэргүүдийн шүүх хуралдааны үеэр иргэдийн төлөөлөгчид урт хугацаанд сууж шүүгчийн адил ядардаг. Тэр үед нь аяга цай ч юм уу, адилхан л хүн юм чинь бэлтгээд өгвөл зүгээр санагддаг. Өөрөөр надад санал шүүмж алга даа.Ер нь энэ бол маш хариуцлагатай ажил шүү дээ. Төр шүүхийн үйл ажиллагааг нь хэвийн явуулахад анхаарах ёстой.Миний нүдэнд тэр шүүгч тэглээ гээд дутагдал хэлэх ёс зүйгээ зөрчсөн алдаа огт гаргаж байсангүй. Үүнийх нь төлөө бас иргэд маань шүүхэд баяр талархлаа илэрхийлэхэд болохгүй юмгүй шүү дээ.

 

Хутаг-Өндөр сумын Уньт багийн малчин М.Наранцэцэг: Шүүх хөдөө очиж, шуурхай үйлчилж өгдгийг мэдэрлээ

 

-Таныг шүүхээр идэвхтэй үйлчлүүлж яваа иргэн гэж сонслоо. Ямар хэрэг маргааны улмаас ингэж явааг тань сонирхож болох уу?

- Хүний амьдралд олон л бэрхшээл тохиолддог. Явж, явж насны эцэст тэтгэвэртээ гарах гэтэл хуулийн дагуу бүрдүүлэх баримт материал дээр учир дутагдал гараад хүндрэл учирсан. Азаар Сум дундын 4 дүгээр шүүх хөдөө очиж, ард иргэдийнхээ тусын тулд үйлчилж,хэрэг маргааныг хурдан шуурхай шийдэж өгдгийг мэдэрлээ. Маш их цаг завыг маань хэмнэж, хөрөнгө мөнгө гарздахгүй хүрч ирээд миний тэтгэвэрээ тогтоолгох эрхийг бүрдүүлж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Ер нь шүүхийн шуурхай, ил тод үйлчилгээ гэж л энийг хэлэх байх. Би үүнд нь сэтгэл хангалуунаар дүүгийнхээ тэтгэврийг бас хөөцөлдөөд явж байтал хэвлэл мэдээллийнхэн та нартай таарлаа.Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, түүний туслах Л.Наянтай нарт баярлалаа гэж уламжилмаар байна. Манай Хутаг- Өндөрт шүүхийнхэн очиж, шүүхийн үйлчилгээг иргэд олон түмэнд шуурхай хүргэдэг. Тиймээс бид ажил үйлсийг нь урамшуулж, санал сэтгэгдлээ илэрхийлэх нь эргүүлээд тэдэнд үзүүлж байгаа шударга ёсны нэг илрэл гэж би үзэж байна. Манай нөхөр арваад жилийн өмнө груп тогтоолгоход би бас он сарыг нь баталгаажуулах хэрэг гараад хөөцөлдөөд явж байсан. Тэр үед надад шүүх мөн л түргэн шуурхай шийдэж өгч байсныг би мартдаггүй.

 

- Бусад иргэд бас шүүхийн талаар таны адил сэтгэгдэлтэй байж чаддаг болов уу?

- Шүүгчийн туслахууд иргэдэд уриалагахан хандаж байгаа харагддаг шүү дээ. Бүх зүйл олны нүдэнд дээр, шилэн хаалганы наана цаана үйлчилгээ өрнөж байна. Бид шүүгчтэй хэрэг маргааны талаар уулзаж, ярих хуулийн дагуу хориотой гэж туслах нь хэлсэн. Харин туслахууд нь бидэнд хангалттай ойлгомжтой хууль тайлбарлаж, ойлгуулж өгдөг. Би бол дөрөв, таван ч удаа шүүхээр явж байгаа хүн.Хүний нүднээс далд үйл ажиллагаа явагдаад, иргэдээ хохироогоод байх шүүх Монголд ер нь байдаггүй байх. Бүх ажил алба нь хараа хяналтан дор явагдаж байгаа шүүгчдийнхээ энэ албыг хүндэтгэж явдаг хүмүүсийн нэг нь би.Миний шүүхэд итгэх итгэл бүрэн дүүрэн байгааг хэлэхэд таатай байна. Шүүхийн шинэтгэл, шүүгчдийн иргэдэд хандах хандлага лав манай суманд газар дээрээ хүрч үйлчилж чадаж байгааг хэлэх боломж олдсонд баярлаа. Иргэддээ хандаж хэлэхэд шүүхийн талаар өөрсдөө мэдэж байж л үйл ажиллагааг нь дүгнэж байгаарай гэж хэлмээр байна. Шүүх цаашдаа ч улам нээлттэй, нэр хүндтэй ажиллана гэдэгт итгэж байна даа.

 


 

Ш.Отгонцэцэг

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 3 136  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031