Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


ИРГЭНИЙХЭЭ ҮГИЙГ АНХААРАЛТАЙ СОНСОЖ, МЭРГЭН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА

 

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн иргэн Б.Дамдин Шүүхээр үйлчлүүлж, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Та ямар шалтгаанаар шүүхээр үйлчлүүлэх болов?

Миний бие хөдөөний малчин хүн юм. Тэгээд урьд өмнө нь ямар нэгэн хэрэг, зөрчилд огт холбогдож байгаагүй. Гэтэл саяхан өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, болгоомжгүй үйлдлийн улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас цагдаад саатуулагдаж шүүхээр зөрчлийн хэрэг үүсгэгдэж, шийтгүүлсэн.

Шүүхээс танд ямар шийтгэл хүлээлгэсэн юм бэ, энэ талаараа ярина уу?

Миний холбогдсон зөрчлийн хэрэгт уг нь 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэдэг юм билээ. Гэвч миний хэргийг шийдвэрлэсэн шүүгч миний зүрхний хэм алдагддаг эрүүл мэндийн хувийн шалтгааныг минь харгалзан үзэж торгуулийн шийтгэл хүлээлгэсэнд үнэхээр их талархаж байна.

Та шүүхийн үйлчилгээний талаар сэтгэл ханамж хэр байна вэ?

Маш хурдан шуурхай шийдэж өгсөн. Урьд нь би шүүх гэдэг байгууллагын талаар ойлголт мэдлэг хомс байсан. Одоо өөрийн биеэр зөрчилд холбогдсоноосоо хойш уг байгууллагын мөн чанар, зорилго зорилтыг сайн мэддэг боллоо. Би тус шүүхийн "Баярлалаа” буланг үзэж сонирхоод ярилцлага өгье, шүүхийн байгууллагад баярлаж байгаа сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн юм. Олон хүмүүс энэ буланд баярласан сэтгэлээ илэрхийлсэн байсан нь их сайхан санагдсан. Түүнчлэн надтай адил олон малчин, хөдөлмөрч хүмүүс иймэрхүү асуудалд холбогддог байх. Хамгийн гол нь иргэн намайг миний шүүхэд өөрийнхөө эрх, ашгийн төлөө хандаж хэлсэн үгийг минь анхааралтай сонсож, шударга шийдвэр гаргаж, үйлчилгээ үзүүлсэн мэргэн шүүгч, ажилтнуудад баярлаж байгаагаа илэрхийлж байна. Дахин ийм зөрчил асуудал гаргахгүй байх ухамсрыг өөртөө олж авлаа. Надад итгэл үзүүлсэнд нь баярлаж байна.

Таныг шүүхийн байгууллагаар үйлчлүүлэх хугацаанд анхаарах, болон давуу тал байсан уу?

Хурдан шуурхай үйлчилсэнд баярлаж талархсанаа илэрхийлмээр байгаа юм. Хөдөөний хүн болохоор мал ахуйдаа маш их санаа зовж байсан. Гэтэл ард, иргэддээ үйлчилдэг хууль, шүүхийн байгууллага байдаг нь үнэн байна. Би нэгэнт буруугаа ойлгосон бөгөөд баривчлах шийтгэл авч хугацаа алдаагүйдээ баяртай байгаа. Сэтгэл ханамж үнэхээр өндөр байна. Эцэст нь хэлэхэд Хөвсгөл аймаг дахь шүүхийн хамт олонд баярлалаа.

 

 ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР.


САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.