IMG-LOGO
 2021-11-25

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдгийг гардууллаа

 

       Монгол Улс, БНХАУ-ын шүүхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Шүүн таслах хорооны орон тооны гишүүн, Их шүүгч ноён Ху Юүн Төн-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах ёслолын арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

 

 

       Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Хятадын талаас БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Шүүхийн хорооны гишүүн,  Ардын дээд шүүхийн хоёрдугаар зэрэглэлийн Их шүүгч ноён Лиу Гуишиан, БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга хатагтай Юү Шиаоюү, БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд ерөнхийлөгч ноён Ли Шиаомин, Монголын талаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа болон БНХАУ-ын Ардын Дээд шүүх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

 

           

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, харилцан өндөр дээд түвшний айлчлал тогтмолжиж, БНХАУ-ын шүүхийн хөгжилтэй танилцах сургалт, айлчлалууд сүүлийн 14 жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж ирснийг онцлон, энэхүү 14 жилийн хугацаанд 11 удаагийн сургалтад Монгол Улсын 300 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдаж, оюундаа хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү оюуны хөрөнгө оруулалтыг хийхэд  БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Шүүн таслах хорооны орон тооны гишүүн, Их шүүгч ноён Ху Юүн Төн онцгой анхаарч тусгайлан дэмжиж ажилласан тул энэхүү нэр хүндтэй шагналыг олгож байна гээд гүн талархал илэрхийлэв.

       Их шүүгч ноён Ху Юүн Төн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдгээр шагнуулж байгаадаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү шагналын утга агуулга гүн гүнзгий бөгөөд хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийн минь “үнэлэмж” хэмээн онцлов. Мөн тэрээр цаашлаад хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын харилцан туршлага судлах, танилцах сургалтын үйл ажиллагаа нь хоёр улсын хууль зүйн салбар, шүүхийн байгууллагын хамтын ажиллагааны чухал индэр байсаар байх болно гэдгийг хэлээд алс ирээдүйд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа гэрэл гэгээгээр дүүрэн байж, хууль зүйн салбарын хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна гэв.

       БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Шүүн таслах хорооны орон тооны гишүүн, Их шүүгч ноён Ху Юүн Төнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал гардуулан өгснөөр ёслолын арга хэмжээ өндөрлөв.

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР