Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболдын “Шүүхэд зүтгэсэн 40 жил” номын нээлт  /2022.04.22/ шүүхийн сургалтын танхимд боллоо.

Арга хэмжээг Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нээж, үг хэлсэн ба номын баярын арга хэмжээнд урилгаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл, бичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр гуай оролцсон бөгөөд номыг эмхэтгэхэд туслалцаа үзүүлж, Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

Үүний дараа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл, бичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр гуай “Сэтгэл гэдэг эрхтэн” лекцийг арга хэмжээнд оролцогчдод толилуулж, сэдвийн хүрээнд асуусан асуултад хариулж, харилцан санал солилцсон сонирхолтой арга хэмжээ болсон юм.

 

Мөн тус арга хэмжээний хүрээнд Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уртын дуучин Т.Мөнхдалай ая дуугаа өргөж, яруу найрагч Д.Элбэгзаяа, Л.Мөнхтөр, н.Батмөнх, н.Энхжаргал нар уран бүтээлийн дээжээс уншиж, сонорыг мялаалаа.

Тус номын эх баригч Лханаагийн Мөнхтөр гуай хэлсэн үгэндээ “...Ж.Ганболд шүүхийн байгууллагад тууштай ажиллаж байна. Энэ нь тэрээр энэ мэргэжилдээ сэтгэлээрээ ажиллаж байгааг илэрхийлж байна. Оноосон, даалгасан ажилдаа сэтгэлтэй байсан учраас 40 жил энэ ажилдаа зүтгэж байна. Энэ ном бол шүүхийн байгууллагын 40 жилийн бодитой хуудас, шүүхийн түүхийн хөдөлшгүй баримт юм. Энэ мэргэжлийн хүмүүст гарын авлага болно. Энэ утгаараа түүний шүүхийн өмнө хийсэн гавьяа” гэдгийг онцолж хэлсэн юм. 

Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлж, номынхоо талаар товч танилцуулж, номын дээжийг нээлтийн арга хэмжээнд оролцогчдод гардуулж өглөө. 
Тэрээр энэхүү номоо бичихдээ түүхэн баримтад тулгуурлаж, түүх түүхээрээ үлдэх ёстой гэдгийг эрхэм зорилгоо болгож, өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа хүүрнэн өгүүлэхийг зорьжээ.
Нээлтийн арга хэмжээнд оролцогчид номын зохиогчид баяр хүргэж, сэтгэгдлээ илэрхийлж, сэтгэлийн дэм, урам нэмсэн халуун дулаан уур амьсгалтай, дурсамж дүүрэн арга хэмжээ болж өндөрлөлөө.