Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төслийн хэрэгжилтийг хэлэлцэхээр ХБНГУ-ын нийслэл Берлин хотод албан томилолтоор ажиллаж байна. Уг төсөл нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулж буй “Засаглалын сан\Гөвэрнанс фoунд” төслийн хүрээнд хэрэгжиж буй.

 

     Манай улс Герман тэргүүтэй бусад зургаан улсын хамтаар уг төсөлд түншилж байгаа. Түнш орнуудын уулзалт энэ сарын 11-18-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

 

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр тэргүүтэй Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Л.Энхбилэг нарын дөрвөн гишүүн болон Ажлын албаны албан хаагч, шүүгчдийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүн төслийн хүрээнд манай улсын шүүх эрх мэдлийн салбарт хамтран ажилласан үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж, түнш орнуудаас туршлага судалж байна.

 

         Төлөөлөгчид уг чуулга уулзалтад оролцох үеэр түншлэгч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай мөн зөвлөлдөх уулзалт хийнэ. Түүнчлэн ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан хатагтай Проф. Др. Херта Доеблер-Гмелин, Захиргааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Йоахим Буххайстер  нартай уулзаж, Берлин-Бранденбургийн Захиргааны Дээд шүүх болон Юнг-Линдеманн хуулийн фирмийн үйл ажиллагаатай танилцах юм.

 

 

Төслийн тухайд;

     “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах” төсөл нь 2021 оноос эхлэн хэрэгжиж байгаа. Шүүхийн ачаалал буурах, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах, шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх болон мэргэшүүлэх зэрэг чиглэлээр тодорхой зорилтын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

 

      Тухайлбал, иргэний хэргийн шүүхийн мэдээллийн систем, программ хангамж, мэдээллийн технологийн засаглалд хийсэн иж бүрэн судалгааны тайланд үндэслэн “Иргэн-2014” системийг засан сайжруулах ажлыг гүйцэтгэсэн. Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх болон мэргэшүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, тэдний шатлан дэвших боломжийг нэмэгдүүлэх замаар ажлын байрны тогтвортой байдлыг хангаж, шүүхийн үйлчилгээг илүү мэргэшсэн, чанартай, хүртээмжтэй болгох чиглэлээр сургалтууд зохион байгуулсан. Мөн сургалтын техник, тоног төхөөрөмжөөр хангах зэргээр нийт 100 мянган еврогоор санхүүжүүлжээ.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс