Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс хамтран “Зөв зөвд шударга зөв”, “Үйлчилгээгээ хялбаршуулъя” аянг өрнүүлж буй юм. Тус аяны хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Чингүнжавын талбайд зохион байгууллаа.

 

      Өдөрлөгт төрийн болон хууль хяналтын байгууллага, үйлчилгээний салбарын нийт 21 байгууллага иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч үйлчилсэн юм. Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас иргэдэд анхан болон давж заалдах шатны шүүх, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг танилцуулан холбогдох хууль, журмуудыг сурталчилж, шүүхэд мэдүүлэх эрх буюу нэхэмжлэл, өргөдөл, гомдол хэрхэн гаргах талаар мэдээлэв. Түүнчлэн гарын авлага, танилцуулга зэрэг тараах хуудас бэлтгэн иргэдэд хүргэв.

 

      Мөн шүүхээр үйлчлүүлсэн болон үйлчлүүлээгүй иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар санал асуулга авах ажлыг зохион байгуулж, санал асуулга авахдаа хөндлөнгийн ямар нэгэн нөлөөгүй, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүллээ.

 

     Энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Мустанг 5” маркийн мотоциклийг согтуурлын зэрэг хэмжигч буюу драйгерын хамт Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшинд гардуулж, ажлын өндөр амжилт хүссэн юм.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг