Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Н.Баасанжав, А.Насандэлгэр нар өнөөдөр ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яамны “Governance fonds” төслийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хууль зүйн сайд асан, профессор Доктор Херта Дойблер-Гмелин, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөл Ц.Мөнх-Од нарыг хүлээн авч уулзлаа.

 

 

 

      

       Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын шүүхийн салбарт 1995 оноос эхлэн хамтын ажиллагааны хүрээнд хувь нэмрээ оруулж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам талархал илэрхийллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд 2021 онд байгуулагдсан Санхүүжилтийн гэрээний дагуу энэ онд төлөвлөгдөж байсан 18 сургалтын есийг амжилтай зохион байгуулаад байна. Түүнчлэн тус гэрээний хүрээнд 63 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм.

       Тус уулзалтаар ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яамны “Governance fonds” төслийн хүрээнд “Монгол Улсын шүүхийн болон шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг сайжруулах, авлигатай тэмцэх” асуудлын талаар санал солилцов.

       Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргахаа илэрхийллээ.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс