Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС 2012 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН


Хэрэгжих хугацаа: 2012.01.01-2012.12.31

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн /цаашид "ШЕЗ” гэх/ 2012 оны ажлын төлөвлөгөөнд нийт 52 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эдгээр арга хэмжээг үйл ажиллагааны 4 чиглэлээр  багцлан тайлагнаж байна.


Нэг.Шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалтыг
боловсронгуй болгох чиглэлээр

Шүүхийн шинэчлэл, өөрчлөлтийг боловсронгуй болгох, түүний менежментыг шинэчлэх, шинэ арга барилаар ажиллах замаар шүүхийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, автоматжуулалт, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээнд суурилсан шүүхийн мэдээллийн ашиглалтыг шинэ түвшинд гаргах зорилтын хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Шүүхийн тухай хууль”, "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иудыг 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, "Шүүхийн захиргааны тухай хууль”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”-дыг 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлуулсан нь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийсэн томоохон ажил боллоо.

 Дээрх хуулиудын хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай танилцах үүрэгтэй УИХ-ын гишүүн Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэгт мэдээлэл, танилцуулга бэлтгэн, ажлаа танилцууллаа.

 УИХ-аас шинэчлэн баталсан шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийн бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хангахаар ШЕЗ-ийн даргын 2012 оны 35 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан, үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө баталж, эдгээр хуулиудаар хүлээсэн боловсруулах шаардлагатай нийт 43 дүрэм, журам, стандартын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсгийг ШЕЗ-ийн даргын 2012 оны 46 дугаар захирамжаар байгуулан, дэд ажлын хэсгүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. 2012.12.16-ны өдрийн байдлаар 12 дүрэм журам, 1 хэргийн хавтасны загварын төслийг хянаж, боловсруулах, санал өгөх мөн эдгээр төсөлд нийт шүүхээс санал авахаар вэб сайтад тавин санал авах ажил үргэлжилж байна.

 Шүүхийн тухай шинэ хуульд заасны дагуу Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын шинэчилсэн найруулгын төслийг, үзэл баримтлал, танилцуулгын хамтаар боловсруулж, Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэж, хууль санаачлагч нарт саналаа хүргүүлээд байна. Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсанаар Шүүхийн тухай хуульд заасан шүүхийн бүтэц, тогтолцоо бий болохын зэрэгцээ бүх шүүхүүд эрүү, иргэн, захиргааны хэргийн төрлөөр ажиллах болж байна. Түүнчлэн зарим сум, дүүргийг тухайн аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр сум, дүүрэгт нь харъяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан чухал шийдвэр болох юм. Дээр дурдсан хуулиудад дүн шинжилгээ хийж, нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх саналаа хууль санаачлагч нарт хүргүүллээ.

 Өмнөговь аймгийн Ханбогд суманд шүүх байгуулах, шүүгчийн орон тоог батлах тухай УИХ-ын шийдвэрийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулж, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хуулийг дагаж мөрдөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.

 Япон Улсын Засгийн газрын "Жайка” нийгэмлэгтэй хамтран иргэний эрх зүйн маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх аргыг дэмжих зорилгоор "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл–I”-ийг шүүхэд хэрэгжүүлэх төсөл 2012 оны 11 дүгээр сард дууссан бөгөөд "Төсөл-II”-ийг үргэлжлүүлэхээр Япон Улсын Засгийн газрын "Жайка” нийгэмлэгийн чиглэлээр 5 мэргэжилтэн ирж, уулзалт, судалгаа хийсний дүнд 2012 оны 10 дугаар сард гэрээнд гарын үсэг зурлаа.

 ШЕЗ-ийн чиг үүрэгт хамаарах асуудлаар болон шүүхийн эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох ажлын хүрээнд шаардлагатай лавлагаа, судалгаа, саналыг бэлтгэсэн болно.

 2012 оны 02 дугаар сарын 12-ноос 20-ны өдрүүдэд бүх аймагт, 2012 оны 03 дугаар сарын 05-наас 09-ний хооронд нийслэлийн бүх дүүрэгт "Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд УЕП-ын санаачилгаар шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудын баримталж буй бодлого, чиглэл зорилт, өөрчлөлтийг төв, орон нутгийн хуулийн байгууллагад ажиллаж байгаа шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч болон бусад хуулийн төр, захиргааны ажилтнуудад хүргэх, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, орон нутагт тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, нийт албан хаагчдын санал, хүсэлтийг сонсож цаашид ажил сайжруулах бодлого боловсруулах зорилгоор УДШ, ШЕЗ-ийн хамтарсан баг бусад хуулийн байгууллагын ажилтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн дарга томилогдсон хугацаанаас хойш нийслэл, орон нутгийн бүх шүүхүүдийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж байгаа бөгөөд энэ онд Дундговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан зэрэг аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, УДШ, ШЕЗ-ийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тайлбарлаж, шүүгч, ажилтнуудын санал, хүсэлтийг сонслоо.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, ШЕЗ-ийн даргын 2010 оны 39 дүгээр захирамжаар батлагдсан "Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл”-д заасны дагуу ШЕЗ-ийн даргын 2011 оны 13 дугаар захирамжаар батлагдсан "Шинэ шүүх-шинэчлэгдсэн шүүгч” эрх зүйн соёлын аяныг 2011 оны 5 дугаар сарын 15-наас 2012 оны 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулсан билээ. Дээрх аяны хүрээнд зохион байгуулсан ажилд тэргүүлсэн Баян-Өлгий, Дорнод, Дархан-Уул, Өмнөговь аймгийн шүүх, Нийслэлийн шүүх, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олонд талархал илэрхийлэн, дурсгалын зүйл гардуулав.

 Тайлангийн хугацаанд Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Дархан-Уул, Төв аймаг болон Нийслэлийн шүүх, нийслэлийн 8 дүүргийн шүүхийн тамгын хэлтэс, албаны үйл ажиллагааг шалган тусалж, дүнг ШЕЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж, хугацаатай үүрэг, даалгавар өгч, тогтоолын биелэлтийн талаар 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор ШЕЗ-д танилцуулах үүргийг өглөө. 2012 онд ШЕЗ-аас шалган туслахаар төлөвлөсөн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна. ШЕЗ-ийн тогтоол, шалган тусалсан илтгэх хуудсанд дурдагдсан асуудлуудад дүгнэлт хийж ажиллах нь тухайн шүүхүүдэд төдийгүй нийт шүүхүүдэд ч хамааралтай юм. Шалган туслах ажлыг 2009-2011 онд хийсэн ажлын хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд шүүхүүдийн тамгын хэлтэс, алба нь холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хүрээнд хийх ажлуудыг зохих хэмжээнд зохион байгуулж, хэрэгжүүлж ирсэн байх бөгөөд дагаж мөрдөх эрх зүйн актыг шинэчлэх, шүүхийн албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох, шүүгч, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шүүхийн дотоод зохион байгуулалт, багтаамж, тохижилтыг сайжруулах чиглэлээр болон "Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” уриан дор эрх зүйн соёлын аяны хүрээнд багагүй ажлыг амжилттай зохион байгуулсан байна. Харин шүүгч ажилтнуудын мэдлэг боловсрол, ажилтнуудын харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, соёлтой, чирэгдэлгүй, амар хялбар хэлбэрээр хүргэх чиглэлээр цаашид дорвитой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Шүүхийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, боловсронгуй болгосноор иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд цаашид анхааран ажиллах шаардлагатай байгаа талаар илтгэх хуудсанд дурдсан болно.

 2012 онд "Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудад тусламж олгох журам”-д өөрчлөлт оруулах тухай, "ШЕЗ байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай”, "Монгол Улсад шүүх байгуулагдсан өдрийг сэргээн тогтоох тухай”, "Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-д  нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай, ШЕЗ-ийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалтнуудын ангилал, зэрэглэлийг батлах тухай, "Анхан шатны шүүхийн "Иргэн-1” програм хангамж хүлээн авч, нэвтрүүлэх тухай”, ШЕЗ-ийн тогтоолоор "Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгэндээ дэвшүүлсэн зорилтыг бүх шатны шүүхэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл”, "Шүүгч, шүүхийн ажилтнуудын компьютерийн хэрэглээний програм хангамжийг ашиглах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх тухай” үүрэг даалгаврыг ШЕЗ-ийн даргын захирамжаар, "Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг болон ажлын төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай”, "Шүүхийн мэдээллийн технологийн чиглэлээр 2012 оны 11 дүгээр сараас 2013 оны 6 дугаар сар хүртэл хийх ажлын төлөвлөгөө”-г ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар тус тус баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 Аймаг, нийслэл, нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн тамгын хэлтсийн 2011 оны үйл ажиллагааны тайланг хүлээн авч, нэгтгэх, тамгын хэлтсийн дарга нарын 2011 оны үр дүнгийн гэрээг дүгнэх, 2012 оны үр дүнгийн гэрээг байгуулах ажлыг 2012 оны 2 дугаар сард хийж гүйцэтгэв.

 Шүүхийн тамгын хэлтсийн дарга нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн байдал  /сүүлийн 3 жилээр/

Шүүхийн менежерүүдийн үйл ажиллагааны үр дүнд өгөх үнэлгээг илүү бодитой болгох зорилгоор Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн тамгын газар, хэлтэс, албаны үйл ажиллагааны тайланг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж, гарсан шийдвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчаас тэдэнд үнэлгээ өгөхдөө харгалзан үзсэн нь үр дүнгийн гэрээг дүгнэхэд илүү бодитой үнэлэлт боллоо. Цаашид үнэлгээг илүү бодитой, шударга болгоход анхаарч ажиллах болно.

 2012 онд ШЕЗ-д нийт 82 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүнээс шилжин ажиллахыг хүссэн 27, тусламж хүссэн 13, бусад  төрлийн 42  өргөдөл ирснийг тухай бүр нь ШЕЗ-ийн дарга, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарт танилцуулж, хугацаанд нь шийдвэрлэж, хариуг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн байна.

 ШЕЗ-д 310 албан бичиг ирсэнээс 62 буюу 20 хувь нь шүүхийн захиргааны удирдлага, зохион байгуулалт,  118 буюу 38,4  хувь нь шүүхийн хүний нөөц, 130 буюу 41,9  хувь нь төсөв, санхүүтэй холбоотой асуудлууд байлаа. ШЕЗ-өөс 520 албан бичгийг төлөвлөж гаргасныг зохих байгууллага, албан тушаалтан, иргэнд хүргүүлжээ.

 2012 онд ШЕЗ-ийн ээлжит 13 удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулснаар бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар нийт 104 тогтоол гаргажээ. ШЕЗ-ийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 73 захирамж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 130 тушаалтус тус гаргасан байна. ШЕЗ-ийн хуралдааныг зарлах, бэлтгэл ажлыг хангах, хуралдаанд танилцуулах материалын хэлбэрийг товч, ойлгомжтой хэлбэрт оруулах,  гишүүдэд төсөл, материал хүргэх, санал хураах зэрэг ажлыг орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглах, нэвтрүүлэх шаардлагатай байгаагын зэрэгцээ, хуралдааны дэгийг боловсронгуй болгох, хуралдааны танхимыг тохижуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 ШЕЗ-ийн Ажлын албаны хөтлөх бичиг хэргийн нэрийн жагсаалтыг тасаг бүрээр гаргаж, архивын нэгжүүдийг Архивын тухай хууль, дүрэмд заасны дагуу эмхтгэж, цэгцлэх ажлыг хийв. ШЕЗ-ийн 20 жилийн ойг 2013 оны 4 дүгээр сард тэмдэглэхтэй холбогдуулан "Монгол Улсын ШЕЗ 20 жил” сэдэвт үйл ажиллагааны түүхэн замнал номын эхийг бэлтгэж байна.

 Шүүхийн багц хуулиуд батлагдсантай холбогдуулан тэдгээрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд ШЕЗ-ийн Ажлын албанд зарим шаардлагатай орон тоог шинээр батлуулсан бөгөөд Ажлын албаны ажилтнуудын албан өрөө, талбай хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан албан өрөөг нэмэгдүүлэхээр Засгийн газар, холбогдох байгууллагад хүсэлт тавьсаны дагуу эхний ээлжинд Засгийн газрын 11-р байрны 10 давхарт 5 өрөө авсан хэдий ч өрөө хүрэлцэхгүй хэвээр байгаагын зэрэгцээ 2 тусдаа байранд үйл ажиллагаа явуулах нь захиргаа, зохион байгуулалтын хувьд учир дутагдалтай байна.

 Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн Засгийн Тогтвортой Хөгжлийн Эрх Зүйн Орчинг Баталгаажуулах” төсөлтэй хамтран "Шүүхийн мониторонгийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх ажлын эхний шат   дууслаа. Хамтарсан ажлын хэсгүүд анхан шатны шүүхэд иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дэмжсэн програм хангамжийг боловсруулж дуусаад, түшиц шүүхүүд болох Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн шүүх, Орхон, Өмнөговь аймгийн шүүхүүдэд туршилтыг амжилттай гүйцэтгэлээ. Анхан шатны шүүхэд иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дэмжсэн "Иргэн-1” програмыг 2012 оны 10 сард хүлээлгэн өгч, бүх шүүхэд нэвтрүүлэх ажиллагаа эхэллээ.

 "Иргэн-1” програмтай холбогдуулан иргэний хэргийн хавтасны загвар болон "Иргэний хэрэг эмхэтгэх журам”-ыг боловсруулж, шүүхүүдээс санал авахаар "shuukh.mn” вебсайтад байршуулаад байна.

Шүүхийн гадаад харилцааны талаар:

ШЕЗ нь 2012 оны 8 дугаар сар хүртэл шүүхийн гадаад харилцаа хариуцсан ажилтан томилогдоогүй байсан учир шүүхийн гадаад харилцааг Улсын дээд шүүхийн гадаад харилцааны хэлтэс зохион байгуулж ирсэн бөгөөд энэхүү тайланд 2012 оны 9 дүгээр сараас хойш хугацаанд зохион байгуулсан ажлын талаар товч тайлагная.

2012 онд шүүхийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

Тухайлбал:

Хаана

Ямар арга хэмжээ

Хугацаа

Шүүхээс хэдэн хүн хамрагдсан

1

Сингапур улсын дээд шүүхэд

"Иргэний болон эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад аргаар шийдвэрлэх нь” сэдэвт сургалт

X сард

/5 хоног/

3 хүн

2

Киргиз улсад

"Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах нь” сэдэвт сургалт

2012.XII. 11-15

2 хүн

3

Тайван Улсад

Тайван Улсын Монгол Төвдийн хороо, Далайн орнуудтай хамтран ажиллах Монголын нийгэмлэгийн шугамаар "Шүүхийн үйл ажиллагаа ба мэдээлэл технологи” сэдэвт сургалт

2012.IX.

/7 хоног/

15 хүн

4

БНХАУ-ын Бээжин, Тяньжин хот

БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотын шүүхийн байгууллагад хэрэгжүүлж байгаа шинэтгэлийн үйл ажиллагаа /Герман Улсын GTZ төсөл/

2012.XII.2-9

9 хүн

5

ХБНГУ-д

ХБНГУ-ын Хэссэн мужийн Дээд шүүх, Франкфурт, Дармштат хотын шүүх, Хууль зүйн яам, /Герман Улсын GTZ төсөл/

2012.4.22-29

8 хүн

6

ХБНГУ-д

ХБНГУ-ын Хэссэн мужийн Дээд шүүх, Франкфурт хотод

2012.X.8-XI.4

3 хүн

 

ХБНГУ-д

ХБНГУ-ын Хэссэн мужийн Дээд шүүх, Франкфурт хотод

2012.X.28-XI.25

4 хүн

7

АНУ-ын Флорида мужийн Форт Лаудердел хот

АНУ-ын Флорида мужийн Форт Лаудердел хот "Инлингуа" сургалтын төв ба Боуард Каунти шүүхэд зохиогдсон сургалт

1012.10-р сард

11 хүн

8

АНУ-ын Флорида мужийн Форт Лаудердел хот

АНУ-ын Флорида мужийн Форт Лаудердел хот "Инлингуа" сургалтын төв ба Боуард Каунти шүүхэд зохиогдсон сургалт

2012.11-р сард

12 хүн

9

Сингапур, Малайз улсад

Сингапур, Малайз Улсад сургалт, туршлага судлах                                                                                           

2012.XII.02-09

18 хүн

10

Тайланд Улс

Туршлага судлах

2012.III сард

12 хүн

11

БНСолонгос Улс

Туршлага судлах

2012.XI сард

2 хүн

12

ОХУ-д

Туршлага судлах

2012.XI сард

1 хүн

13

АНУ-д

Туршлага судлах

2012.XI сард

2 хүн

 

Нийт

   

102 хүн

 

2012 онд ШЕЗ-өөс 13 удаагын давтамжтайгаар гадаадын 11 улсад ШЕЗ-ийн гишүүн, шүүгч, захиргааны ажилтан зэрэг нийт 102 хүнийг гадаад улсруу сургалтад хамрагдах, хуралд оролцох, туршлага судлуулахаар явуулсан байна. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр нар Бүгд Найрамдах Испани, Солонгос, Киргыз улсын шүүхийн байгууллагатай шууд холбоо тогтоосон болно.

 Тайлант хугацаанд гадаад харилцаа хамтын ажиллагааг ойртуулах ялангуяа Ази, Номхон далайн орнуудын шүүх, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах" төсөл /GIZ/, АНУ-ын Флорида мужийн Форт Лаудердел хотноо үйл ажиллагаа явуулдаг "Инлингуа" сургалтын төв ба Боуард Каунти шүүхэд жил бүр зохиогддог ээлжит сургалт, Сингапур улсын Дээд шүүхээс зохион байгуулж буй "Иргэний болон эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад аргаар шийдвэрлэх" нь сэдэвт сургалт, Япон улсын "Нагояа" дээд сургуулийн профессор ноён Ясутомо Моригива, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-гийн Монгол улс дахь хөтөлбөрийн захирлаар шинээр томилогдсон ноён Рафаэл Бэжар нартай байнгын холбоотой байх, ажил төрлийн холбоог бэхжүүлэх, Монголын шүүхийн талаархи мэдээлэл өгөх, холбогдох мэдээ, материалыг судлах, бэлдэх, гадаад хэлэлцээр, гадаадад улсад томилолтоор явах ажилтнуудын гадаад паспортыг бэлэн болгох, ёслолын арга хэмжээний үеэр зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ.

 ШЕЗ-өөс олон улсын шүүгч нарын сургалтын байгууллагатай холбоо тогтоон гишүүнээр элсэх хүсэлт гаргаж холбогдох материалыг хүргүүлсэн бөгөөд дээд зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хүлээж байна. Энэ байгууллагад гишүүнээр элссэн тохиолдолд шүүгчдийн олон улсын сургалтад байнга хамрагдах, харилцан туршлага судлах зэрэг олон давуу талтай юм.

 Түүнчлэн шүүх байгууллагын гадаад харилцааг өргөжүүлэн тэлэхээр зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр харилцаж байгаа улсаас гадна Польш, Герман, Шинэ Зеланд, Австрали, Малайз улсын шүүхүүдтэй холбоо тогтоон, хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байгаагын зэрэгцээ шүүхийн гадаад арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийн баазтай болохоор ажиллаж байна.

 Дэлхийн Банкны "Хууль Зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дэмжсэн  програмын системийн судалгаа хийгдэж бүрэн дууслаа. Дэлхийн банкнаас тус програмыг санхүүжүүлэх болсон тул програм боловсруулах тендерийг зарлаад байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг (захиргааны зөрчил болон бусад үйл ажиллагааг)  дэмжсэн програм хангамжийн системийн судалгаа хийгдэж байна. Энэ програмын зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлэхээр 2013 оны шүүхийн төсөвт тусгаад байна.

Нийтэлсэн shez   Үзсэн: 2 492  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031