Шүүгч шийдвэрлэсэн хэрэг, маргааны хүрээнд судалгаа, дүгнэлт хийх болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэх талаар санал дэвшүүлэх, өөрийн мэргэшсэн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, багаар хамтран судалгаа хийх, судалгаагаа танилцуулах, хэлэлцүүлэх, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс \"Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

 

Шүүгчид судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачилгаа бодитойгоор хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмших, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулахад чиглэнэ.

 

СУРГАЛТАД ОРОЛЦОГЧ

 

Сургалтад эрх зүйн дүн шинжилгээ болон кейс анализ хийх арга зүйд суралцаж, мэргэшсэн чиглэлээр асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл бичих, цаашид сургагч багш болох сонирхолтой анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид оролцох боломжтой.

 

СУРГАЛТЫН АГУУЛГА, АЧ ХОЛБОГДОЛ

 

Сургалтад оролцсоноор шүүгч дараах мэдлэг, ур чадварт суралцана.

-Эрх зүйн дүн шинжилгээ хийх онол, арга зүйн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх;

-Хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншиж судлах;

-Сонгосон сэдэв, чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, цаашид гарын авлага боловсруулах эхлэлийг тавих;

-Үр дүнг олон нийтэд танилцуулах үр нөлөөтэй аргад (Илтгэл танилцуулга бэлтгэх, илтгэх) суралцах;

 

СУРГАЛТЫН ХУГАЦАА БА СЭДЭВ

 

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн Шүүхийн төрөлжсөн номын санд түшиглэн 5 ээлжээр 4, 5, 9, 10 дугаар саруудад зохион байгуулна. Шүүгчийн бүлгийн сургалтын нэг ээлжид 4 шүүгч, нийтдээ 20 шүүгч хамрагдах бөгөөд сургалт ажлын 5 өдөр үргэлжилнэ.

 

СЭДВИЙН НЭР

Хугацаа

1

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам

2020.04.20-24

2

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам

2020.05.04-08

3

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам

2019.05.11-15

4

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам

2019.09.14-18

5

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам

2019.10.12-16

 

СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ:

 

1.Сургалтад оролцохыг хүсэгчдийн эссэг дурдсан хугацаанд хүлээн авч, шалгуур хангаж байгаа оролцогчдыг судлах сэдвээр нь бүлэг болгоно. Нэг бүлэг 3-4 оролцогчоос бүрдэнэ;

2.Сонгогдсон оролцогчдын нэрсийг, сургалт явагдах хугацаа, холбогдох бусад мэдээллийн хамт Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нэгдсэн байдлаар мэдээлнэ;

3.Сургалтад оролцогчдын сонгон судалж байгаа сэдвийн дагуу Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачид арга зүйн удирдлагаар хангаж ажиллана;

4.Сургалтад оролцогчид сургалтын үеэр тухайн чиглэлийн мэргэшсэн багш, судлаач нарыг урьж оролцуулан, хэлэлцүүлгийг зохион байгуулна;

5.Сургалтын төгсгөлд сургалтад оролцогчид судалгааны үр дүнг судлаачдын дунд хэлэлцүүлнэ.

 

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

 

Сургалтад оролцохыг хүсэгчид нь өөрсдийн судлах сэдвийн зорилго, хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн товч 400 үгтэй эссэг бичиж ирүүлнэ. Эссэг бичих үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1.15-аар бичиж, төгсгөлд нь өөрийн овог, нэр, албан тушаал, холбоо барих утас, и-мэйл хаягаа бичсэн байна.

Эссэг (ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү) 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд хүлээн авна.

 

Сургалтад орон нутгаас ирж оролцох шүүгчдийн замын зардал (зөвхөн газраар)-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн хүний нөөцийн газрын Шүүхийн сургалт хариуцсан референт Ц.Соёлмаа (утас: 70008022, 99282989) –ээс лавлана уу.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР