Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн тавдугаар ботийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2020.06.26) боллоо.

Бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгаруулсан шийдвэрийг шүүгч, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хараат бус ажлын хэсэг шалгаруулж хамгийн өндөр үнэлгээ авсан шийдвэрүүдийг эмхэтгэдэг уламжлалтай. Тус ботид оруулахаар бүх шатны шүүхээс шалгаруулсан 259 шийдвэр (тогтоол, магадлал, шийдвэр)-ээс ажлын хэсэг 45-ыг нь шилж эмхэтгэжээ.

 

 

Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь судалгааны чухал хэрэглэгдэхүүн болохоос гадна хуульчид мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, жишиг тогтооход ач холбогдолтойг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр онцоллоо. Тэрбээр “Энэ удаагийн ботид эрүү, иргэн, захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг тооны хувьд ижил харьцаатай сонгон шалгаруулж, нийслэл болон орон нутгийн шүүхийн шийдвэрүүдийг хамруулж, улсын хэмжээнд хуулийг тайлбарлан хэрэглэж буй байдал, шийдвэрлэж буй хэргийн онцлогийг гаргахыг зорилоо” гэв. Шүүхийн нээлттэй ил тод байдал, олон нийтийн хяналт, хууль хэрэглээний нэгдмэл чанарыг хангах, үндэсний эрх зүйг хөгжүүлэхэд Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга мөн тодотголоо.

 

 

Шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр “Шүүхийн шийдвэрээр дамжуулан шүүхийн шударга ёсны байдал, шүүгчийн мэдлэг боловсрол, ёс зүй, ур чадвартай холбоотой шүүмжлэл гардаг. Сонгомол шийдвэрийг шалгаруулахдаа хуульд заасан үндэслэл, шаардлагыг харгалзахын зэрэгцээ шударга ёсыг хангасан байдал, үндэслэл, сэдэл, бүрэн, эцсийн байх шалгуурыг онцоллоо.

Шүүхийн шийдвэр тухайн хэрэг маргааны оролцогчдод зориулагдахаас гадна нийгмийн хүртээл болох ёстой. Түүнээс нь эрдэмтэн судлаачид, жирийн иргэд эрх зүйн боловсролоо дээшлүүлдэг учраас шүүхийн шийдвэрийг улам бүр боловсронгуй болгох шаардлага байна. Эрдэмтэн, судлаачдын бичсэн шүүмжийг ч анхаарч, судлах шаардлага шүүгчдэд тулгарч байгааг онцолъё” гээд бүтээлч сэтгэлгээгээр, бүтээлч хандлагаар шийдвэрээ бичихийг шүүгчдэдээ уриалав.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Амарсанаа “Нийгэм амар тайван байхад эрх зүйн тогтолцоо гол үүрэг гүйцэтгэдэг. Эрх зүйн тодорхой байдал нь хамгийн чухал. Тодорхой байдлыг дээшлүүлэхийн тулд жишиг болох шийдвэрийг сонгож, хэвлэж байгаа нь ач холбогдолтой. Тухайлсан хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх, шийдвэрүүдээс аль нь жишиг болохыг гуравдагч этгээд шалгаруулж нийгэмд таниулах байдлаар тодорхой байдлыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой. Нийгмийн амар амгалан байдалд шүүхийн оруулж байгаа хувь нэмэр энэ юм” гэж онцоллоо.

 

 

Энэхүү эмхэтгэлд шийдвэр нь орсон шүүгчдийн төлөөлөл болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр “Хүн бүр байнга сэдэлжиж, өөрийгөө хөгжүүлж байх ёстой. Сонгомол шийдвэрийн эмхэтгэлд шийдвэр маань орсныг сонсоод өөрийгөө сэдэлжиж байгааг мэдэрч баярласан. Тэгэхээр энэхүү бүтээл нь шүүгчдийг сэдэлжүүлж, урам зориг өгч байгаагаараа онцлогтой” гэв.

Уг арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажилладаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын төслийн менежер П.Бадамрагчаа уг эмхэтгэлд орсон шүүхийн сонгомол шийдвэрийг олон нийтэд хүргэхэд хамтран ажиллах боломжтой бөгөөд шүүгч, хуульч, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдээллээ.  

Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл өөриймсөг хандаж, амжилттай хэрэгжүүлдгийг Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын Монгол дахь хөтөлбөрийн удирдагч Д.Оюунчимэг онцлоод “Анх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эмхэтгэж байснаас хойш сонгомол шийдвэрээ ангилж, шат ахиулж байгаад баяр хүргэе” гэсэн юм.  

ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа шүүхийн шийдвэрийг сайжруулах явц 30 гаруй жил үргэлжилж байгааг дурдаад эмхэтгэлд шийдвэр нь орсон шүүгчдэд баяр хүргэлээ.

 

 

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн тавдугаар ботийн нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл болон Үндсэн хуулийн Цэц, Улсын Ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.

 

"Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл V боть"-той ЭНД ДАРЖ танилцана уу. 

 

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн,

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс