Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүтэц, цагдаагийн алба хаагчдад тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар санал солилцов.  

 

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд маш чухал байдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцлоод тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдэх талаар байр сууриа илэрхийллээ. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах, тогтмол сургалт зохион байгуулах, зайнаас цахимаар шийдэж болох боломжийг нутагшуулах зэрэгт хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнэ дээрх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Олон нийтийн анхаарлыг төвд байгаа хэргийг шүүх шийдвэрлэх үеэр Эргүүл хамгаалалтын газар болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсээс нэмэлт хүч авч ажилладаг. Хэлтсийн орон тоог нэмэх асуудал маш чухал байна. Мөн “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэргийн оролцогчдыг хуяглан хүргэх, эрэн сурвалжлахтай холбоотой заалтуудыг өөрчлөх шаардлага байна” гэв. Мөн тус хэлтсээс Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журамд өөрчлөлт оруулах саналаа ирүүлэхээр боллоо.  

 

 

Уулзалтад Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын АҮТОГ З.Баяржаргал болон Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Баярсайхан, Шүүхийн аюулгүй байдлыг хангах тасгийн даргын АҮТОГ, цагдаагийн ахмад Ц.Дөлбаяр, Шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргын АҮТОГ, цагдаагийн ахмад Ш.Энхчимэг, тус хэлтсийн хамгаалалтын ахлах офицер, цагдаагийн ахмад У.Содбаяр нар байлцав.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс