Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр (Ph.D.), тус зөвлөлийн ажлын албаны тамгын газрын дарга С.Билгүүн, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт Ц.Ижилмөрөн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09-ны өдрүүдэд Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газруудад албан томилолтоор ажиллаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийлээ.

 

 

Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, хуульчдаас шүүгчдийг шилж олох, шүүхийн төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байдал, шүүхэд техник технологийн ололтыг нэвтрүүлэх зэрэг хүрээнд тус зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ зэргийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулсан.

 

 

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа Шүүхийн тухай хууль тогтоомжийн төсөл, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах чиглэлээр анхаарах зарим асуудлын талаар шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгч харилцан санал солилцов.

 

 

Ажлын хэсэг орон нутгийн шүүхүүдийн барилга байгууламж, дэд бүтэц, автомашин, шүүгч, ажилтнуудын  ажиллах орчин нөхцөл зэрэгтэй газар дээр нь танилцаж, саналыг нь авсан бөгөөд шаардлагатай асуудлыг шийдвэрлүүлэхээ илэрхийллээ.

 

 

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар болон салбарын бусад шагналаар шагнагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагналыг нь гардуулав.