Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны А/77 тоот тушаалаар баталсан “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд эхэллээ.  30 хоног үргэлжлэх тус сургалт танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр явагдана.

 

 

Тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус сургалтаар шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бэлтгэж, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлнэ.

Сургалтад эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн, шүүхийн захиргааны байгууллагад ажиллах хүсэлтэй 36 эрх зүйч хамрагдаж байна. Танхимын сургалтыг шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн, судлаачид, шүүх дэх дадлага сургалтыг тухайн шүүхийн шүүгч, тамгын газрын ажилтнууд удирдан явуулна.

 

Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ шүүхийн сургалтын нэгдсэн бодлогын хэрэгжилтийн хүрээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа шүүхийн мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх сургалтын ач холбогдол, шүүхийн хүний нөөцийн чадавхид үзүүлж буй эерэг нөлөө, бодит үр дүнг онцлоод амжилт хүсэв.

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх энэхүү сургалтад оролцогчид танхимын сургалтаар шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрүү, иргэн, захиргааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем зэрэг нийт 16 сэдвийн хүрээнд 80 цагийн танхимын сургалтад хамрагдах юм.

Энэхүү сургалтаар тусгай мэдлэг, ур чадварын шалгуурыг хангаж, амжилттай тайлан хамгаалсан суралцагчдад “Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан” гэрчилгээг олгоно.

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР