Шүүхийн байгууллагад олон жил идэвх, зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан ахмад, шүүгч, ажилтнуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, “Өргөмжлөл”-өөр шагналаа.

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч асан Дашзэвэгийн Бадарч, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Долгорсүрэнгийн Энхээ, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Шадравын Төгсгэрэл, Баянгол дүүргийн шүүхийн Тамгын газарт үйлчлэгч асан Хэнмэдэхийн Рэгзэдмаа нарыг шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдөр гардуулан өгч, баяр хүргэв.

     Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Хэнтий аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Дэчингомбын Цэрэндолгор, Ховд аймгийн шүүхэд жолооч асан Гавалын Хүрлээ нарыг тус тус шагнажээ.

     Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр Дундговь аймгийн шүүхийн шүүгч асан Гандангийн Дашзэвэг, Төв аймгийн шүүхийн шүүгч асан Жанцангийн Мөнхтогоо, Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Цэрэндоржийн Батмөнх, Орхон аймгийн Сум дундын шүүхийн нарийн бичгийн дарга асан Цамбын Даш, Сэлэнгэ аймгийн шүүхийн нарийн бичгийн дарга асан Цэрэндоржийн Олзхүү, Хөвсгөл аймгийн шүүхэд бичээч, нярав асан Чулуунбатын Аюуш нарыг тус тус шагнасан юм.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс