Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол банк, Монголын шүүгчдийн холбоотой хамтран эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан “Эрх зүй ба эдийн засаг” сургалтыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2021 оны 05 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

 

“Эрх зүй ба эдийн засаг” сургалтын зорилго нь эрх зүйн асуудлыг эдийн засгийн үүднээс шинжлэх арга зүй, эрх зүйн харилцааны эдийн засгийн утга агуулга, учир холбогдлыг ойлгох, уялдуулах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

 

Сургалтыг “Эрх зүй ба эдийн засгийн харилцан хамаарал, эрх зүйд хийх эдийн засгийн шинжилгээний аргачлал” сэдвийн хүрээнд Центрополис ХХК-ийн захирал, эдийн засагч Т.Энхбаяр “Санхүүгийн зах зээлийн зохицуулалтын зорилго”, “Үр ашигтай зохицуулалтын тухай ойлголт”, “Зах зээл хэрэглэгчийн сонголт нийлүүлэгчийн онол, тодорхой бус байдал-зан төлөвийн эдийн засаг”, “Зохицуулалтын зардал ба эдийн засгийн шинжилгээ” дэд сэдвүүдээр, “Иргэний эрх зүй дэх эдийн засгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг “Гэрээний эрх зүйн эдийн засгийн гүйцэтгэх үүрэг”, “Гэрээний биелэлт ба зөрчил, түүний төрөл”, “Хэлцлийн зардал”, “Гэм хорын эдийн засгийн шинжилгээ”, “Ослын эдийн засаг”, “Гэм буруу, шалтгаант холбоо”, ”Гэм хорын тусгай төрөл ба эдийн засаг”, “Хохирол, түүний нөхөн төлбөрийн үүрэг” дэд сэдвүүдээр, “Эрүүгийн эрх зүй дэх эдийн засгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Монголын эрх зүй ба эдийн засгийн ухааны холбооны удирдах зөвлөлийн дарга З.Шагдарсүрэн “Эрүүгийн эрх зүйн эдийн засгийн мөн чанар, чиг үүрэг”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ялын бодлого”, “Зохион байгуулалттай гэмт хэрэг ба эдийн засаг” дэд сэдвүүдээр, “Захиргааны эрх зүй дэх эдийн засгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Номин адвокейтс ХХН-ийн захирал О.Номинчимэг  “Татвар ба үр ашиг”, “Өрсөлдөөний эрх зүйн эдийн засгийн шинжилгээ” дэд сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явуулж байна.

 

Сургалтад эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн нийт 178 шүүгчид оролцож байна.

Сургалтыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлж байгаа Монголын шүүгчдийн холбоо, Монгол банк, Азийн хөгжлийн банкинд талархал илэрхийлье.

                      

                   ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР