Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2021.09.03/ боллоо. Хэвлэлийн бага хурлаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэрийн талаар Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг нар мэдээлсэн юм.

 

Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд уг хуулийн дагуу гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

 

 

     Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1897  ялтныг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1-5.3 дугаар зүйлд зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,  6 дугаар зүйлийн 6.1-6.3 дахь хэсэгт зааснаар 602 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 166 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх үзүүлэлтээр Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4938 хүн хамрагджээ. 

 

 

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР