Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх нийт 60 хоногийн хугацаанд танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж, төгсөгчдөд өнөөдөр гэрчилгээ гардуулав. Гэрчилгээ гардуулах ёслолд Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Н.Ганбаатар, Шүүхийн захиргааны сургалт судалгааны төвийн дарга С.Нэргүй, Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Гандулам нар оролцож, төгсөгчдөд гэрчилгээ гардуулж, баяр хүргэлээ.

 

 

       Тус сургалтыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилтээр зохион байгуулсан юм. Энэхүү сургалтад 55 суралцагч хамрагдсанаас 35 нь нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын ажилтнууд байсан бөгөөд сургалтын хугацаанд бусад оролцогчдоос 5 суралцагч ажлын байраар хангагдсан байна.

 

 

       Сургалтыг шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн, судлаачид, шүүх дэх дадлага сургалтыг тухайн шүүхийн шүүгч, тамгын газрын ажилтнууд удирдан явуулж, шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрүү, иргэн, захиргааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем зэрэг нийт 26 сэдвийн хүрээнд 80 цагийн танхимын сургалт хийлээ.

 

       Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад  2016 оноос хойш нийт 359 эрх зүйч хамрагдсанаас 283 суралцагч амжилттай дүүргэж, өнөөдрийн байдлаар118 төгсөгч  шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар ажиллаж байгаа юм.

   

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтныг мэргэшсэн чадварлаг боловсон хүчин болгоход анхаарч, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тэй санхүүжилтийн гэрээ хийж, гэрээний дагуу 2022 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэл 2 сарын хугацаанд шүүхийн захиргааны ажилтнуудад зориулж нийт есөн удаагийн сургалт зохион байгуулж,  нийслэл болон орон нутгийн шүүхийн тамгын газраас 706 шүүхийн захиргааны албан хаагчдыг сургалтад хамруулаад байна.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс