Монгол Улсын дээд шүүхээс санаачилж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

 

 

   Уулзалтаар иргэдийн мэдэх эрхийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүртээмжтэй мэдээлэх аргачлалыг боловсронгуй болгох талаар хэлэлцсэн юм. Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, нийслэл дэх гурван шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч нар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, судлаачид оролцож, санал солилцов.

 

 

   Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэх аргачлалыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг танилцуулж, шийдвэрийг шүүх, шүүгч олон нийтэд мэдээлэх, нээлттэй байдлыг хангах бодлогын талаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр нар туршлага, мэдээллээ хуваалцсан юм.

 

 

      Энэ үеэр шүүгч нарын зүгээс шүүхийн шийдвэрийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй мэдээлэхэд илүү анхаарч, оновчтой арга барилыг нэвтрүүлж чадвал шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байв. Хэлэлцүүлгийн үр дүнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөл болон нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрдсэн өргөтгөсөн ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс