Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн “ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ I, ЕРӨНХИЙ АНГИ, “ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ II,  ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ” шинэ бүтээлийн нээлт 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.

“Иргэний эрх зүйн I, Ерөнхий анги” ном нь 7 бүлэгтэй бөгөөд иргэний эрх зүйн суурь онолын ойлголтыг хуулийн хэм хэмжээтэй харьцуулан тайлбарлан бичжээ. “Иргэний эрх зүй II, Гэрээний үүрэг” ном нь 3 бүлэгтэй бөгөөд уншихад ойлгомжтой байдлаар бичигдсэн, гэрээний эрх зүйн үндсэн асуудлууд болох гэрээний эрх чөлөө, түүнд тавигдах хязгаарлалт, гэрээний гол нөхцөл, үүрэг дуусгавар болох үндэслэл, зөрчлөөс үүсэх үр дагавар зэрэг гэрээний нийтлэг үндэслэлд хамаарах асуудлуудад илүү анхаарсан нь тус номын онцлог байв.

Хууль зүйн доктор (LL.D), дэд профессор Жаргалсайханы Оюунтунгалаг нь иргэн, эдийн засаг, бизнесийн болон харьцуулсан эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг эрхэлж, 30 орчим сурах бичиг, ном, гарын авлага, нийтлэл, судалгааны өгүүлэл, илтгэлийг монгол болон гадаад хэл дээр хэвлүүлсэн байна.

Тухайлбал 2010 онд “Civil Remedies Against Аgainst Opportunitism in Mongolia, 2013 онд “Харьцуулсан иргэний эрх зүй”, 2018 онд “Иргэний эрх зүйн онолын асуудал”, 2020 онд “Иргэний эрх зүйн I, Ерөнхий анги”  2022 онд “Иргэний эрх зүй II, гэрээний үүрэг номыг хэвлүүлж уншигчдын гар дээр хүргэжээ.