Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.

 

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 9, 10 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан.

 

 

         Хуваарийн дагуу өнөөдөр(2024.01.29) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 36 нэр дэвшигч эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 3 сул орон тоонд 14 нэр дэвшигч салбар эрх зүйн мэдлэг, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 14 сул орон тоонд 24 нэр дэвшигч салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгийн шалгалтыг тус тус өглөө.

 

Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.

 

 

       Маргааш (2024.01.30) захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар, эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвараа шалгуулна.

 

 

        Шалгалтад оролцох нэр дэвшигч цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс