Шүүхийн ерөнхий зөвлөл АНУ-ын Муж улсуудын шүүхийн Үндэсний төвтэй хамтран “Шүүгчийг шилж олох, шүүгчид нэр дэвшигчийн зан төлөвийг таних арга зүй” сэдэвт цахим сургалтыг өнөөдөр (2024.03.20) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

 

 

       Сургалтаар Индиана мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Лоретта Х.Раш, Охайо мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Мориэн ОКоннор, АНУ-ын Муж Улсуудын шүүхийн үндэсний төвийн Шүүхийн ёс зүйн төвийн захирал Дэвид Сакар нар өөрийн улсын туршлагаас хуваалцав.

 

 

           Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны дарга, нэгжийн дарга, холбогдох мэргэжилтнүүд шүүгчид нэр дэвшигчийн зөөлөн ур чадварыг таних шалгуур, арга зам, шүүгчид нэр дэвшигчийн ёс суртахуун, зан төлөвийг хэрхэн судалж таних чиглэлээр мэдээлэл сонсож, Монгол Улсын туршлагатай харьцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

  

 

              Тус төвийн Олон Улсын хөтөлбөр хариуцсан дэд Ерөнхийлөгч Жефф Апперсон, Гүйцэтгэх дэд Ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Майкл Бэнгер, мэргэжилтэн Изабел нарын хамтын ажиллагааны үр дүнд сургалт амжилттай өндөрлөв.

 

 

            АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвтэй 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр шинэчлэн байгуулсан санамж бичгийн хүрээнд өнгөрсөн оноос эхлэн тогтмол хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулж буй юм.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс