Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Насандэлгэр, А.Отгонцэцэг, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр (2024.04.03) Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт ажиллаж байна. Тус гурван шүүх нь дундаа нэг тамгын газар, хоёр байранд үйл ажиллагаа явуулдаг. 

 

 

 

       Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 11 шүүгчтэй, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 8, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 14 шүүгчтэй шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Тус шүүхүүдийн Тамгын газарт 78 шүүхийн захиргааны албан хаагч ажиллаж, тус гурван шүүхийн шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах чиг үүргийг ханган ажиллаж байгаа тухай тус шүүхийн Тамгын газрын дарга О.Солонго танилцууллаа. Тамгын газрын батлагдсан орон тоо 95, гэвч шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын 14 орон тоо дутуу ажиллаж байгааг тэрбээр хэлж байв. 

       Ажлын хэсэг Тамгын газрын байрны нөхцөл байдал, ажлын ачаалал, иргэд олон нийтээс тавьж буй санал, хүсэлттэй танилцахын зэрэгцээ шүүгч, ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. 


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр Шүүхийн тухай хуулийн явцын талаар болон шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын тухай мэдээлэл хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав шүүхийн цахимжуулалт, мэдээллийн технологи, нээлттэй байдлын талаар танилцуулсан юм.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг шүүхийн хүний нөөцийн бодлого, хараат бус байдлын талаар танилцуулав. 

 

 

 

     Уулзалтын үеэр шүүгч, ажилтнууд шүүхийн захиргааны хүний нөөцийн тогтвортой байдал, шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын хүрэлцээ, ажлын ачаалал зэрэг тулгамдсан асуудлаар саналаа хэллээ. Тухайлбал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр яармагт шинээр орон сууцны хотхон хороолол ихээр баригдсан, тус дүүргийн хүн амын тоо сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдсэнтэй холбоотойгоор шүүхийн хэргийн ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Шүүх байгуулах тухай хууль, шүүхийн цахимжуулалт зэрэг өргөн хүрээнд саналаа хэлж, зөвлөлийн гишүүдээс тодорхой хариултыг авснаар уулзалт өндөрлөв. Ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд үргэлжлүүлэн ажиллана. 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс