Монголын хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хуульчийн про боно өдөр - 2024” буюу Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг зохион байгууллаа.

       Тус өдөрлөгийн нээлтийн ёслол Сүхбаатарын талбайд өнөөдөр /2024.05.01/ болсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав оролцсон юм. 

        Гишүүн Н.Баасанжав өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж үйлчлүүлж байгаа иргэд үйлчлүүлэгч та бүхэн шүүхийн архивын үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн вэ, иргэдийн төлөөлөгч ямар эрхтэй шүүх хуралд оролцдог, гаргасан шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой байдаг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу вэ зэрэг хууль, эрх зүйн ойлголтуудыг авна. Мөн Дэлхий нийтээр цахимжиж буй энэ үед шүүхийн үйлчилгээг цахимаар хаанаас авч болох талаарх мэдээллүүдийг өгөх болно гэв.

 

         

           Өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн тусгай архив, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх оролцож, иргэдэд архивын лавлагаа, тодорхойлолт үнэ төлбөргүй гарган өгч, шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч, ном, гарын авлага тараалаа.

          Энэ удаагийн хуульчийн про боно өдөрлөг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах шатны 42 шүүхийн тамгын газар, Шүүхийн тусгай архив дэмжин оролцож байна.

 

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс