Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга тэргүүтэй шүүхийн захиргааны албан хаагчдаас бүрдсэн айлчлалын бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зочиллоо. www.wakestudent.com/phim-john-wick-mang-doi-mang.vc891.html

 

 

            БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мурат Азаклы хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж үйл ажиллагааныхаа талаар танилцуулга мэдээлэл өгөв. 
Тэрээр; 
            “Монгол, Туркийн шүүхийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж идэвхжиж байгаа. Манай хоёр орон олон салбарт хамтын ажиллагааны баялаг түүхтэй. БНТУ-ын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд 2017 онд “Үндсэн хуулийн шүүхээс иргэдийн үндсэн эрхийг сахин хамгаалах нь” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулахад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга гишүүд оролцсон. Дараах жилүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын шүүхийн шүүгч нарын баг бүрэлдэхүүн тус тус айлчилсан.   

               Шүүхийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг хангаж, Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байдаг ШЕЗ-ийн албан хаагчид энэ удаад айлчилж, Турк Улсын шүүхийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа нь салбар хоорондын харилцааг улам өргөжүүлэхэд жинтэй хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж байна” гээд Үндсэн хуулийн шүүхийн нэрийн өмнөөс айлчлалын бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв. 

 

 

   Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга;
                 “Монгол Улсын Их Хурлаар шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр бодлогын шинэчлэлт хийж, Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, Шүүх байгуулах тухай, Шүүхийн тухай зэрэг багц хуулиудыг баталсан. Хэрэгжүүлэх хүрээнд шинэ тутам үүсэх, харилцаа, хандлагыг зүй зохистой зохицуулах, өөрчлөлт, зохион байгуулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна. Эрхзүйн шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлэх захиргааны удирдах албан тушаалын албан хаагчдын төлөөлөл БНТУ-ын шүүхийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, туршлага судалж, мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдаж буй нь цаг үеэ олсон, үр дүнтэй явдал. Үүнд дэмжлэг үзүүлж, биднийг хүлээн авч уулзан, Үндсэн хуулийн шүүхтэйгээ танилцуулж буйд талархал илэрхийлье. Цаашдын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. 

 

 

        БНТУ-ын Үндсэн хуулийн шүүх нь 1962 онд байгуулагдсан бөгөөд 15 гишүүнтэй. Үндсэн хуульд бусад хууль тогтоомж нийцэж буйд хяналт тавьж, Ерөнхийлөгчийн зарлиг нь агуулга, хэлбэрээрээ Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар гаргасан нэхэмжлэлийн дагуу шалгах, улс төрийн намыг татан буулгах эсэх, Засгийн газрын гишүүн, Дээд шүүхийн шүүгч нарт холбогдох асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэдэг. 2012 оноос иргэний гомдол, мэдээллийг хүлээн авч судлан шийдвэрлэдэг болж үйл ажиллагааныхаа хүрээг нэмэгдүүлжээ.  

 

 

           Мөн өдөр ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаярт бараалхлаа. Шүүхийн захиргааны албан хаагчдын хамтаар сургалтад хамрагдаж буйгаа уламжилж, шүүхийн салбарт хэрэгжүүлж буй эрхзүйн шинэчлэлийн талаар товч мэдээлэл өгөв.
           Монгол Улсаас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны талаарх цаг үеийн мэдээлэл өгч, хоёр орны шүүхийн салбар дахь харилцан айлчлал, санамж бичгийн хэрэгжилттэй холбоотой асуудлын талаар хөндөн ярилцав. 

 

 

         Уулзалтын дараа ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичиж, гарын үсэг зурав.  

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс