Шүүхийн ерөнхий зөвлөлийн 104 тоот танхимд 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тус зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-ын суурин төлөөлөгч Чарльз Болланд болон төслийн багийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Талууд урт хугацаанд тогтвортой үргэлжилж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, шинэ төслүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм.

 

 

    Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Р.Онончимэг, Референт Б.Сугармаа, Ахлах мэргэжилтэн Ө.Уртнасан, ОУЭЗХБ-ын талаас Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Төслийн зохицуулагч Б.Баясгалан, С.Агьзул, Төслийн мэргэжилтэн Б.Ундрахбуян зэрэг  мэргэжилтнүүд хүрэлцэн иржээ.

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг уулзалтын эхэнд ОУЭЗХБ-тай хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийн үр дүнг онцолж, урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагаандаа гүн талархал илэрхийллээ. Тус Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2012 оноос Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй хэд хэдэн төсөлд хамтран ажилласан бөгөөд Шүүгчдийн чадавхыг бэхжүүлэх, Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог хөгжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хууль зүйн салбарын чадавхыг сайжруулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон чухал төсөл багтаж байна.

     Мөн Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2019-2023 онд хэрэгжсэн “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн үр дүнд хууль сахиулах байгууллагууд, шүүх эрх мэдлийн салбарын оролцогчдын мэдлэг, ойлголт сайжирч, хандлага төлөвшиж байгааг тэрбээр онцолсон юм. Төслийн хоёрдугаар шат эхэлж буй нь энэ хамтын ажиллагаа үргэлжлэн хэрэгжих болсны тод илрэл гэдгийг тэмдэглэв.

 

 

     Уулзалтын үеэр ОУЭЗХБ-ын төслийн менежер Н.Одонтуяа “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд:

  • Нөхцөл байдлын судалгаа, үнэлгээ хийх
  • Шүүх, прокурор, цагдаа зэрэг байгууллагын ажилтнуудад онцлон сэтгэл зүйн чиглэлтэй сургалт зохион байгуулах
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх
  • Орон нутагт явуулын үйлчилгээ хүргэх зэрэг ажлуудыг төлөвлөснөө танилцууллаа.

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд судалгаа хийхдээ Шүүхийн сургалт, судалгааны төвтэй хамтрах, албан хаагчдыг чадавхжуулах сургалтад шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийг хамруулах, иргэдэд чиглэсэн эрх зүйн боловсролын контентыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн төвтэй хамтран боловсруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.

      Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаанд харилцан талархал илэрхийлж, цаашид тогтвортой, үр өгөөжтэй байдлаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мэдээллийн төв