Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасангаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт ажиллалаа.

    Тус шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн нь төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллан гавьяаныхаа амралтад гарч байгаа тул Тамгын газрын даргын ажлыг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тус шүүхийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ганчулуунд хүлээлгэн өглөө.

     Ажлын хэсэг шинээр томилогдож буй удирдлагад захиргааны ажил, хүний нөөцийн удирдлага, шүүхийн захиргааны чиг үүрэгтэй холбоотой заавар, зөвлөмж өгч, цаашдын ажлын чиглэлийг тодорхойлсон байна.

 

 

     А.Лхагвасүрэн нь Төрийн албанд нийт 41 жил ажиллахдаа Дундговь аймгийн шүүхэд 1984 оноос анхны гараагаа эхэлж 1997 он хүртэл Нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар, 1998-2003 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Шийдвэр гүйцэтгэгчээр, 2004 онд Дундговь аймгийн Тээврийн газарт Улсын байцаагчаар, 2004-2006 онд тус аймгийн Татварын хэлтэс Татварын улсын байцаагчаар, 2006-2013 онд Дундговь аймгийн шүүхийн Хэлтсийн дарга, 2013-2015 онд Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 9, Сум дундын 11 дүгээр шүүхийн Тамгын газрын даргаар, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар ажилласан юм.

      Тэрбээр ажиллаж байх хугацаандаа шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхийн захиргааны удирдлагыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх тал дээр чадварлаг төрийн албан хаагч байсан бөгөөд түүний удирдан ажиллаж байсан шүүхийн Тамгын газар нь 2022 онд “Актив директор сервер” буюу “Хэрэглэгчийн нэгдсэн удирдлагын систем” нэвтрүүлснээр  оны “Шилдэг инновац нэвтрүүлсэн Тамгын газраар шалгарч байв.

      А.Лхагвасүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар, “Алтан гадас” одонгоор, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдсан байна.

 

 

    Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар тушаалаар А.Лхагвасүрэнг шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэл, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж ”Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг гардуулж өгөв.

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ