Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга нарт зориулсан сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Баяндөхөм төвд зохион байгуулж,  шүүхийн захиргааны 60 гаруй албан хаагч хамрагдаж байна.

     Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нээж, “Монгол Улсын шүүхийн тухай болон хэргийн хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотой бусад хуульд 2024 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, холбогдох баримтын загварыг 2024–2025 онд шинэчилж, нийт 10 удаагийн өөрчлөлт орууллаа. Энэхүү сургалт нь тэдгээр өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах, ойлголтын нэгдмэл байдал бүрдүүлэх, практикт хэрэглэх ур чадварыг сайжруулахад чиглэж байгааг  онцоллоо.

 

 

   Сургалтын эхний өдөр “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”,  “Хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон холбогдох дүрэм, журам”, “Шүүн таслах ажиллагааны статистик, мэдээ тайлан гаргах арга зүй” сэдвүүдээр онол, арга зүйн хичээлүүд явагдах ба хоёр дахь өдөр Сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч, сургагч багш Б.Нямаа “Үе хоорондын ялгаа ба удирдлагын арга барил” сэдвээр лекц уншиж, сургалтын төгсгөлд Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Ханддулам сургалтад оролцогчидтой санал солилцож, тулгамдаж буй асуудлууд, статистик мэдээ гаргалттай холбоотой зөрчил, анхаарах асуудлаар мэдээлэл хийх юм.

 

 

 

 

 

 

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй энэхүү сургалт нь шүүхийн үйл ажиллагааны чанарыг сайжруулахад чухал алхам болох бөгөөд хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, холбогдох дүрэм, журам, статистикийн тайлан, хэрэгжилтийн талаарх ахисан түвшний мэдлэг, ур чадварыг оролцогчид олгож байна.

 

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГА, СТАТИСТИКИЙН ГАЗАР

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР