Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 18 дугаар хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлүүлэх тухай:
Нэр бүхий 5 шүүгчээс ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.
Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаарх хуулийн зохицуулалттай болсон 2013 оноос хойш (2025.04.24)-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 91 шүүгчээс /давхардсан тоогоор 102 шүүгчээс/, нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн.
Нөлөөллийн мэдүүлгийг 2024 онд 10 шүүгчээс ирүүлсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл нь “нөлөөллийн мэдүүлэг”-т тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг шалгуулахаар холбогдох “эрх бүхий байгууллага”-д ханддаг ба эрх бүхий байгууллага нь 30 хоногийн дотор шалган шийдвэрлэж, хариу ирүүлэх талаар хуулийн зохицуулалттай. Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан 6 этгээдэд 2024 онд 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Шүүгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох саналыг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 40 дүгээр зүйлийн 40.2.7 дахь заалтыг үндэслэн Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийг албан тушаалаас чөлөөлүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ