Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн болон орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх  эвлэрүүлэн зуучлагчдын үндэсний зөвлөгөөнийг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төсөлтэй хамтран зохион байгууллаа.

     Зөвлөгөөний үдээс өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахад анхаарах асуудал, журмын хэрэгжилт”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Ч.Цэнд “Эвлэрлийн гэрээ байгуулахад анхаарах асуудал”, Хөөрхөн зүрх ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарь “Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхэд тулгамддаг нийтлэг сэтгэл зүйн асуудлууд, даван туулах арга замууд”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа   албаны цахим шуудан, түүнийг хэрхэн ашиглах  сэдвээр сургалт хийлээ.

 

 

    Зөвлөгөөнөөр ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул, шинжээч Л. Пүрэвсүрэн болон Олон Улсын Эрх Зүйн Хөгжлийн Байгууллагын үндэсний зөвлөх, хуульч, судлаач Г. Цагаанбаяр нар яамнаас хувийн эрх зүйн чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, боловсруулж буй хуулийн төсөл болон “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан шинэчлэл” сэдвүүдээр танилцуулга хийж,  Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т. Мөнхбаяр “Цахим шүүх 2.0 төслийн явц, хөгжүүлэлт туршилтын үр дүн, нэвтрүүлэлтийн төлөвлөгөөний танилцуулга”, ICT Group Бизнес аналист М.Эрдэнэзаяа “Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны системийн хүрээнд эвлэрүүлэн зуучлалын процессын цонхны хар зураг”, Бизнес аналист Г.Нарангарав “Иргэд олон нийтийн веб портал системийн хүрээнд эвлэрүүлэн зуучлах өргөдөл гомдлыг хэрхэн үүсгэх өргөдөлтэй холбоотой шийдвэр мэдээллийг хэрхэн харах талаарх цонхны хар зураг” зэрэг цахимжилттай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, эвлэрүүлэн зуучлагч нартай санал солилцсон бөгөөд ажлын хэсэг байгуулж хамтран ажиллахаар болов.

 

 

     Өнөөдрийн зөвлөгөөнд нийслэлийн болон орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх  эвлэрүүлэн зуучлагчид бүгд хамрагдлаа. Зөвлөгөөнийг тохиолдуулан эвлэрүүлэн зуучлагчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн Баяндөхөм дахь сургалтын төвийн цэцэрлэгт мод тарьж, үйлчилгээний ажилчдынхаа ажилд гар бие оролцов.

 

 

 

 

    Арилжааны эвлэрүүлэн зуучлалын чиглэлд эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт орон нутгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдыг хамруулан 2025 оны 5 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах юм.

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ