Шүүхийн ерөнхий зөвлөл 2025 онд улсын хэмжээнд 5 байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд анхны барилгын шавыг Дархан-Уул аймгаас эхлүүлсэн бол өнөөдөр (2025.05.29) Өмнөговь аймагт олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих арга хэмжээ боллоо. 

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам Шүүхийн барилгын барилгын шавыг тавих арга хэмжээний нээлтийн үгэндээ  Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газар нь аймгийн прокурорын газартайгаа хамт нэг байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2 давхар барилгын 1445 м.кв талбайг ашиглаж байна.  Шүүхийн барилгыг Өмнөговь аймаг дахь шүүхийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх “Хосбор морь” ХХК нь 9.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2026 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө. Ингэснээр Өмнөговь аймаг дахь шүүх өөрийн гэсэн стандартын барилгатай болно  хэмээн тодотголоо.

 

 

Шүүхийн барилгын шав тавих үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар болон тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, гүйцэтгэгч компанийн албан хаагчид оролцов.

Өмнөговь аймаг дахь шүүхийн барилгын зураг төсөл нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн байрны стандарт”-д нийцүүлэн хийгдсэн.

Тус шүүхийн барилга нь зөвлөлдөх тасалгаатай 64.6 м.кв талбай бүхий 3 шүүх хуралдааны танхим, нээлттэй шүүх танхим, цахим шүүх хурлын өрөө, Эвлэрүүлэн зуучлалын хурлын өрөө, хэргийн материалтай танилцах өрөө, уулзалтын өрөө, хүүхдийн өрөө, өмгөөлөгч, прокурорын өрөө, иргэдийн төлөөлөгчдийн өрөө, 67.4 м.кв талбай бүхий зөвлөгөөний танхим, 82.1 м.кв талбай бүхий сургалтын танхим болон номын сан, чийрэгжүүлэх танхим зэрэг шүүхийн байрны стандартад тусгагдсан шаардлагатай бүх өрөө тасалгаанууд төлөвлөгдсөн.             Нийт 16 шүүгчийн өрөө төлөвлөгдсөн бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилчид орох орц гарц тусдаа, иргэд үйлчлүүлэх орц гарц тусдаа байхаар төлөвлөсөн. Энэ нь шүүгчийн аюулгүй байдлыг архитектурын шийдлээр хангахыг зорьсонд уг барилгын онцлог юм.  

 

 

Мэдээллийн төв