Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” (2025-2030) төслийн хоёр дахь шатны нээлтийн ажиллагаа өнөөдөр (2025.06.10) боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, А.Насандэлгэр, Р.Онончимэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга М.Мөнхбат, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр болон Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шүфани, ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа бусад албан байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийн эрхийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын шинэчлэл хийх зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн “Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүн таслах ажиллагаа, тулгамдаж буй бэрхшээл, бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Гүйцэтгэх захирал Н.Арвинтариа “Гэр бүлийн хүчирхийлэл болон жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч хамгаалал, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид тулгарч буй бэрхшээл, шийдэл”-ийн талаар мэдээлэл өгөв.
Мөн төслийн хоёр дахь шатны зорилго, хэрэгжилтийн төлөвлөгөөг ОУЭЗХБ-ын Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа танилцуулсан бол хаалтын үгийг ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд хэлж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцоллоо.
Энэхүү төсөл нь Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, шүүх, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Мэдээллийн төв
Т