“Шүүхийн хараат бус байдал, шүүхийн цахимжуулалт” сэдвээр 2025 оны зургаадугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн Олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо АНУ-ын Конгрессын олон улсын манлайллын алба, АНУ-ын Элчин сайдын яам, Улсын Дээд шүүхийн Шүүхийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулж байна.
Тус хуралд АНУ, Монгол, Армени, Эстони, Киргиз, Казахстан, Молдав, Индонез, Узбекистан, Серби зэрэг 80 гаруй шүүгч, шүүхийн салбарын удирдлага, захиргааны алба хаагчид, хууль, шүүхийн салбарын зэрэг нийт 120 гаруй төлөөлөгчид оролцож, хууль сахиулах, шүүхийн тогтолцооны хараат бус байдлыг бэхжүүлэх, цахимжуулалтын үр нөлөө, олон нийтийн итгэлийг дээшлүүлэх арга замын талаар туршлага солилцож байна.
Олон улсын бага хуралд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Конгрессын Олон улсын манлайллын албаны гүйцэтгэх захирал Жэйн Саргус, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг нар нээлтийн үг хэллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хэлсэн үгэндээ “Америкийн Конгрессын олон улсын манлайллын албанаас 2013 оноос эхлэн Монгол Улсын шүүхийн салбарт хэрэгжүүлсэн “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт 80 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хамрагдаж, АНУ-ын шүүхийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан мэргэжлийн чадвараа дээшлүүлж, эрх зүйн шинэтгэлд бодит хувь нэмэр оруулж ирсэн. Энэхүү хөтөлбөрийн төгсөгчдийн Олон улсын бага хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй нь хууль, шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн, хөтөлбөрийн ач холбогдлыг илэрхийлж байна” хэмээн тодотгов.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Шүүх эрх мэдлийн ирээдүйн чиг хандлага: шүүхийн цахимжилт ба хиймэл оюун” сэдвээр үндсэн илтгэлийг тавилаа.
Хоёр өдрийн турш үргэлжлэх хуралд улс орнуудын шүүгчид илтгэл тавьж, туршлага солилцсон хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батчимэг “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь цахимжилт ба хэргийн оролцогчийн эрхийг хангах зарим асуудал”, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч М.Батсуурь “Шүүхийн үйл ажиллагаан дахь олон нийтийн мэдэх эрхийг хангахад Монгол Улсаас хэрэгжүүлж ирсэн туршлага” сэдвээр тус тус илтгэл тавьж байна.
Маргаашийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар “Монгол Улсын шүүхийн цахимжилтын явц, эрх зүйн зохицуулалт, хийдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Хурлын гол сэдэв “шүүхийн цахимжуулалт” шүүхийн үйл ажиллагааны ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагыг сайжруулах, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үр нөлөөтэй болохыг оролцогчид илэрхийллээ.
“Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн Олон улсын бага хурлыг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах, хууль, шүүхийн салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага, шинэ санаачлагыг солилцох, нэвтрүүлэх хамтын ажиллагааны талбар болж, сайн жишгийг Монгол Улсад нутагшуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ хэмээн үзэж байна.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ