Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 24 дүгээр хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай:

    Захиалга ирүүлсэн шүүхэд бус өөр шүүхэд сэлгэн ажиллах өргөдөл гаргасан шүүгчийн өргөдөлд албан бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэв. Захиалга гаргасан шүүхэд сэлгэн ажиллах шүүгчийн хүсэлт ирээгүй байна.

Шүүгчид чөлөө олгох тухай:

    Шүүгчээс чөлөө хүссэн өргөдлийг хэлэлцэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.10, шүүгчид чөлөө олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.3, 2.7-д заасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаагаар чөлөө олгохоор шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай:

   Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг томилуулах саналыг хэлэлцэж, шүүгчийн хүний нөөцөд бүртгэлтэй Отгоны Мөнхзулыг  Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

Нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлүүлэх тухай:

   Нэр бүхий 3 шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад,  мөн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан нэр бүхий өмгөөлөгчийн үйлдлийг Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гарган шийдвэрлүүлэхээр тогтов.

Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувь тогтоох тухай:

    2025 оны 05 сард шинээр анхан шатны шүүхийн албан тушаалд томилогдсон шүүгчдийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, мөн өдрийн 161 дүгээр тогтоолоор батлав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн албан бичгийн тухай:

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2025 оны ТГ/542 дугаар давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж 30 нэр дэвшигчийг томилуулах саналд тодорхой үндэслэл зааж буцаасан албан бичгийн буцаасан үндэслэлийг хэлэлцэж, тухайн албан бичигт заасан шаардлагыг хангаж буцаан хүргүүлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 он 97 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан:

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудастай холбоотой асуудлыг судлан, шийдвэрлэх санал гаргах Ажлын хэсгийн тайланг хэлэлцэн эрх бүхий этгээдээс уг асуудлаар арга хэмжээ авсан талаар мэдээлэл сонсож, цаашид гүйцэтгэх хуудастай холбоотой аливаа асуудал, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чиглэл өглөө.

Албаны орон сууц эзэмшүүлэх тухай:

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн албаны орон сууцнаас 5 орон сууцанд 2 хүртэл жил түр амьдрах хүсэлт гаргасан шүүгч, шүүхийн захиргаа болон үйлчилгээний ажилтны хүсэлтийг холбогдох журмын дагуу хэлэлцэн, 1 шүүгч, 2 захиргааны ажилтан, 2 үйлчилгээний ажилтныг энэ оны 07 сарын 01-ээс гэрээ байгуулахыг зөвшөөрч, зохион байгуулалтын ажлыг Ажлын албанд үүрэг болгон шийдвэрлэв.

Шүүгчийн ажлын ачаалал тооцох аргачлал батлах тухай:

    Шүүхийн тухай хуулийн ...-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 207 дугаар тогтоолоор 2023 оны 06 сарын 29-ний өдөр баталсан Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, нэмэгдэл урамшуулал олгох журамд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн "Шүүгчийн ажлын бодит ачааллыг тооцох аргачлал"-ыг баталлаа. Энэхүү аргачлал батлагдсанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн зохист ачааллаас давсан бодит ачааллыг тооцон бодолтыг нарийвчлан зохицуулснаар ач холбогдолтой болно.  

Шүүхийн захиргааны ажилтны ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт батлах тухай:

    Шүүхийн захиргааны ажилтны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэн туслах мэдлэг, чадвар, хандлага, хөрвөх чадварыг хөгжүүлэх зорилтыг хангах болон Шүүхийн захиргааны байгууллагын ажилтны ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, журмыг тогтоож хэрэгжүүлэх заалтын хүрээнд уг журмын төслийг боловсруулсан. Журмын төслийг хэлэлцэх явцад зарим асуудлаар шүүхийн захиргааны ажилтнуудын саналыг авч тусгах шаардлагатай, захиргааны ажилтанд шүүхийн захиргааны мэргэшлийн түвшний нэмэгдэл олгох эрх зүйн үндсийг тогтоох тул санхүүгийн асуудлыг судлах хэрэгцээ шаардлага байгаа зэрэг үндэслэлээр бэлтгэл ажил хангах чиглэлийг өгч, хэлэлцэн батлахыг хойшлуулж шийдвэрлэв.

Шүүхийн захиргааны ажилтны зохист ачаалал буюу стандарт, нормыг тооцох талаар:

   Шүүхийн захиргааны ажилтны зохист ачаалал буюу стандарт, нормыг тооцох аргачлалыг хэрхэн тооцох, энэ талаарх судалгаа хийх шаардлага байгаа эсэхийг хэлэлцэв. Улмаар шүүхийн захиргааны ажилтны ажлын норм, зохист ачааллыг тооцох хэрэгцээг орон тоог үндэслэлтэй тогтоох зэрэг зайлшгүй хэрэгцээнд үндэслэхийг сайтар судлах болон шүүхийн цахимжуулалт нэвтэрснээр ачаалал хэрхэн өөрчлөгдөхийг харгалзах нь зүйтэй талаар чиглэлийг Шүүхийн захиргааны хүний нөөцийн газарт өгч, хэлэлцэхийг хойшлуулж шийдвэрлэв.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ