Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүгчдийн үндэсний коллежийн дэд ерөнхийлөгч, профессор Ху Тянь тэргүүтэй төлөөлөгчдийг энэ 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтад Монголын талаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Э.Зоригтбаатар, Л.Энхбилэг, С.Энхбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Хятадын талаас Ардын дээд шүүхийн Шүүх хэргийн академийн Судалгааны газрын дарга Шиэ Вэньшөн, Шүүгчдийн үндэсний коллежийн Сургалтын менежментийн газрын дэд дарга Сяо Жэньчи, Шүүгчдийн Үндэсний коллежийн Шүүгчдийн цахим сургалтын газрын дэд дарга Лью Фан, Шүүгчдийн үндэсний коллежийн Өвөр Монгол дахь салбарын захирал Жан Юнгуан зэрэг албаны хүмүүс оролцов.
Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Н.Мөнгөнцэцэг Монгол Улсын Шүүх тогтолцоо, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үйл ажиллагаа, шүүгчдийн сонгон шалгаруулалтын бодлого, шинэчлэлийн талаар танилцуулж, энэхүү шат дараалсан бодлогын хүрээнд 2025 онд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг байгуулж, ирэх 2026 оноос Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх байгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Мөн БНХАУ-тай хамтын ажиллагааны хүрээнд 13 удаагийн сургалтыг зохион байгуулж, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулж ирсэн нь хоёр улсын шүүхийн салбар дахь тогтвортой нягт харилцааны илрэл болохыг онцлон тэмдэглэв.
БНХАУ-ын Дээд шүүхийн дэргэдэх Шүүгчдийн үндэсний коллежийн дэд ерөнхийлөгч, профессор Ху Тянь: “Монгол Улс Хялбар ажиллагааны болон Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулсан нь сайн туршлага болно. Манай улсад ийм дагнасан шүүхүүд одоогоор байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах, шүүгчдийг хуульчдаас шилж олох, сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг гол тулгуур байгууллага юм байна. Бид бүхэн та бүхний сайн туршлагыг судалж, хамтын ажиллагаагаа цаашид улам бүр тэлж, үргэлжлүүлнэ” хэмээв.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ