Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит 25 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах хөтөлбөр батлах тухай:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 5.1.11-д “Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр батлан хэрэгжүүлж, шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлнэ.”, Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын Үйл ажиллагаа 1.1.4-д “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах хөтөлбөрийг баталж хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан.
Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн статистик мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой Монгол Улсын шүүхийн тухай хууль, Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод туссан заалтуудад тулгуурлан, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх бодит мэдээллийг энгийн, ойлгомжтой арга хэлбэрээр шуурхай, хүртээмжтэй түгээж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтаар, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтод түвшин, төсвийг 2 дугаар хавсралтаар баталлаа.
Шүүх хуралдаанд оролцогчдыг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар "Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам" нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа.
Шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 12 орон тоо, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4 орон тоонд тус тус шүүгч шилжүүлэн томилуулах зарыг тогтоож, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд тогтоолд заасан шүүхийн шүүгчийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй шүүгчдийн зөвшөөрлийг хүлээн авсан.
Энэ хугацаанд анхан шатны шүүхийн 4 шүүгч, давж заалдах шатны 1 шүүгчээс шилжин ажиллах зөвшөөрөл ирүүлснийг хуралдаанаар хэлэлцэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулгыг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгаланг Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэгийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөрийг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журамд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам"-д шинээр байгуулагдсан шүүхүүдийн шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт оруулах тухай өөрчлөлтийг хэлэлцэн дэмжиж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолын төсөлд олон нийтээс санал авахаар болов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 59 дүгээр тушаалаар байгуулагдсан “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах ажлын хэсэг” -ийн явц танилцуулга, шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай асуудлыг тус тус дараагийн хуралдаан хүртэл хойшлуулав.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ