Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 27 дугаар хуралдааныг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хийж,  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх тухай:

     Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1 шүүгч, тэтгэвэрт гарах эрх үүсэж хүсэлтээ гаргасан Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 1 шүүгчийг тус тус албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүллээ.

Шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай:

   Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах асуудлыг хэлэлцэж, эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 14 орон тоо, захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 орон тоо, эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8 орон тоо, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2 орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн өргөдлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагаас 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд тус тус бүртгэх юм.

Шүүгчийн ажлын ачаалал тооцохтой холбоотой хүсэлт шийдвэрлэх тухай:

     Шүүгчийн ажлын ачаалал тооцохтой холбоотой 2 хүсэлт ирүүлснийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Шүүгчид тавих болзол шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт оруулах тухай:

   Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журамд нэмэлт оруулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолын төслийг цахим хуудаст 30 хоногийн хугацаанд байршуулсан. Тус тогтоолын төслийг хэлэлцэн баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай:

   Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шинээр томилогдсон шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоолоо.

    “Шүүхийн захиргааны ажилтанд тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д Хууль зүй, дотоод хэргийн яамны саналыг тусган боловсруулах тухай, шүүхийн цахимжуулалтын хүрээнд батлах дүрэм, журам, стандарт, аргачлалын төлөвлөгөө батлах тухай асуудлыг тус тус хойшлуулж шийдвэрлэв.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ