Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 30 дугаар хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны болон Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа. Төлөвлөгөөнд шинэ 2 шүүхийн байр, төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, шүүгчийн болон шүүхийн захиргааны хүний нөөцийг бүрдүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл хүргэх, шүүхийн аюулгүй байдлыг хангах, хэвлэмэл хуудас, тамга тэмдэг, хаяг хийлгэх, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийн ажлуудыг тусгав.
- Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгчдийн нөхөн бүрдүүлэлтийг хэрхэн хийх талаар зөвлөлөөс чиглэл өгч, шүүгчийг томилуулах саналыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Баатарын Ууганбаярын төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тогтоосон.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-ын дагуу Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэг орон тоог шүүгч шилжүүлэн томилуулах орон тоогоор тогтоож, зар байршуулахаар шийдвэрлэсэн.
- Шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцээд сэлгэн ажиллахаар хүсэлт гаргасан шүүгчийн ажиллаж буй шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг авах шаардлагатай гэж үзсэн тул хойшлуулав.
- Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэв.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ