Нийт шүүгчийн III чуулганаар өнөөдөр (2025.10.09) үндсэн 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
- Хэлэлцүүлэг 1: Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах.
- Хэлэлцүүлэг 2: Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал,
- Хэлэлцүүлэг 3: Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох,
- Хэлэлцүүлэг 4: Шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах.
Нэгдүгээр хэлэлцүүлгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ханддулам “Нийтлэг журмын хэрэгжилт”, ICT группийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр “Цахим шүүх 2.0” цөм хөтөлбөрийн хэрэг хуваарилах систем”, Шүүхийн академийн судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн “Харьцуулсан судалгааны үр дүн”, Нийт шүүгчийн III чуулганы ажлын хэсгийн гишүүн, шүүгч Н.Батчимэг “Нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл”-ийн танилцуулж хэлэлцүүлэв. Санал хураалт явуулж, шүүгчдийн олонхын саналаар Ажлын хэсгээс боловсруулсан төсөл дэмжигдлээ.
Хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр “Эрүүгийн хэрэгт бодит байдлыг тогтоох зарчмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал”, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч, И.Амартөгс, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар нар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хэрэгцээ шаардлага”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шинээр илэрсэн нөхцөл байдлын талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр “Цахим хавтаст хэрэг”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр “Цахим шүүх 2.0” цөм системийн явц”ын талаар танилцуулж хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгээс Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүхэд “Санал уламжлах тухай” тогтоолыг батлав. Үүнд:
- Нийт шүүгчийн чуулганаас гарсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн “Шүүх хуралдааныг шууд дамжуулах, олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх”-тэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох саналыг судлан үзэж, холбогдох арга хэмжээг авхуулахаар Улсын дээд шүүхэд уламжилсугай.
- Нийт шүүгчийн чуулганаас гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаар тогтоолоор батлагдсан “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах тухай” журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг судлан үзэж, холбогдох арга хэмжээг авхуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжилсугай.
Гуравдугаар хэлэлцүүлгээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, Судлаач, хуульч Г.Цагаанбаяр “Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг боловсронгуй болгох нь: Дагнасан болон тойргийн шүүх”, Легал дата ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Баттулга “Шүүгчийн сонгон шалгаруулалт: Хуулийн хэрэгжилт, анхаарах зарим асуудал”, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг “Шүүгчийн сургалт”-ын талаар танилцуулав. Хэлэлцүүлгээс Шүүхийн ерөнхий зөвлөлд, Улсын дээд шүүхэд уламжлах саналын тогтоолыг батлав. Үүнд:
- Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ачаалалтай уялдуулан шүүхийн орон тоог нэмэгдүүлэх, хэргийн харьяалалд холбогдох өөрчлөлт оруулах,
- Шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцогчдын хууль зүйн мэдлэг чадварыг үнэлэх чиг үүрэг бүхий бүтэц (институци)-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд оруулах,
- Нийт шүүгчийн чуулганаас гарсан “Давж заалдах шатны шүүхийн тойргийн зарчмаар байгуулах асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцөн хууль санаачлагчид уламжлах” саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжилсугай.
Дөрөвдүгээр хэлэлцүүлгээр Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Шүүх эрх мэдлийг зохистой хэрэгжүүлэх нь: Хариуцлага ба хараат бус байдал", Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа “Шүүгчийн эрх ашиг, ажиллах нөхцөл, нийгмийн асуудал” сэдвээр танилцуулга хийж хэлэлцүүлэв. Үүнд:
Нийт шүүгчийн чуулганаас гарсан дараах саналыг судлан үзэж, холбогдох арга хэмжээг авахуулахаар дараах байгууллагад уламжилсугай...
- Шүүгчийн дагаж мөрдөх ёс зүйн стандартыг Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэн батлахад зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүгчдийн холбоо, Шүүхийн ёс зүйн зөвлөлийн хороонд,
- Ерөнхий шүүгчийн чиг үүргийн талаарх олон улсын стандартыг нутагшуулах, тайлбарлах, энэ чиглэлээр сургалт зохион байгуулахыг Улсын дээд шүүх, Шүүхийн академид,
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51, 52, 53-р зүйлд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг тайлбарлан таниулахыг /албан бус/ Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлд,
Нийт шүүгчийн чуулганаас гарсан дараах саналыг судлан үзэж, холбогдох арга хэмжээг авахуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжилсугай...
- Шүүхийн зохист ачаалалд нийцүүлэн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх,
- Шүүгчид сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог бий болгох,
- Шүүгч нарыг орон сууцаар хангах, орон сууцны нөхцөлийг сайжруулах хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлэх.
НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ