Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 40 дүгээр хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- “Цахим шүүх 2.0” цөм системийн нэвтрүүлэлтийн дэд бүтэц, хүний нөөц, сургалтын бэлэн байдлыг хангах ажлын биелэлт”-ийг танилцуулав. “Цахим шүүх 2.0” системээс цахим шуудан болон мессэжээр мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны модулийн нэвтрүүлэлтийг хийж, сургагч багшаар ажиллах албан хаагчдын нэрсийг гаргаж, шүүхийн Тамгын газарт тоног төхөөрөмж, дотоод, гадаад сүлжээний бэлэн байдал, ажилтны нэрс болон токен төхөөрөмжөөр хангах, цаасаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг цахимжуулан тоон гарын үсгээр баталгаажуулах зэрэг 14 ажлыг хийж гүйцэтгэжээ. Ерөнхий зөвлөл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны модулийн нэвтрүүлэхтэй холбоотой шилжилтийн үеийн түр аргачлал боловсруулахыг ажлын албанд даалгав.
- Өндөр насны тэтгэвэрт гарах болсон Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болов.
- Төрийн алба хаасан хугацааны нийгмийн даатгалын төлөлтийг ажил олгогч нөхөн төлсөнтэй холбоотой шүүгчээс төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг өөрчлүүлэхээр гаргасан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.
- Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг эрэмбийн дагуу санал болгосныг бүртгэж шийдвэрлэв.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 125 дугаар тушаалаар баталсан Албан хэрэг хөтлөлтийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг танилцуулав. Шүүхэд албан хэрэг хөтлөлтийн журам батлуулах ажлын хэсгийг Шүүхийн тусгай архив, Хэргийн хөдөлгөөний удирдлагын газар, Шүүхүүдийн Тамгын газрын төлөөллийг оролцуулан Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаагаар ахлуулан байгуулав.
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлсэн 9 нэр дэвшигчийн саналыг буцаан ирүүлснийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу дахин нягтлах ажиллагааг хийхээр болов.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
 
 