Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан 2025 оны 11 сарын 03-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Женев хотноо болж байна.
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг 11 дүгээр сарын 4-ний өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид танилцуулж хэлэлцүүллээ.
Хүний эрхийн зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч Разван Рузу тус хуралдааныг даргалж, 78 улсын төлөөлөгчид үг хэлэв. Төлөөлөгчид Монголын хүний эрхийн чиглэлд гарсан ахиц дэвшлийг үнэлж, хүүхэд, ахмад настан, хэвлэлийн эрх чөлөө, ЛГБТКюАй хүмүүсийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, агаарын бохирдол, шүүхийн хараат бус байдал, авлигатай тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлаар зөвлөмж өглөө.
Шүүхийн ерөнхий зөвлөл, салбарын яам, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл гишүүн орнуудын асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд цаашид хүлээн авсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Засгийн газарт өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.






МЭДЭЭЛЛИЙН ТӨВ