Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 41 дүгээр хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

  1. “Миг Даатгал” ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын гэрээг дүгнэх талаар танилцуулга хийлээ.   
  2. Шүүгчийг сэлгэн томилох тухай асуудлаар Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлснийг Шүүгчийг сэлгэн ажиллуулах журамд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулж нийтэд мэдээлсэн. Шүүгч сэлгэн ажилуулах захиалгын дагуу ирүүлсэн шүүгчийн хүсэлтийг хэлэлцэж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийг Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд тус тус сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.
  3. “Зарим шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай” асуудлыг хэлэлцэж, Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд: Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоог нөхөх зорилгоор 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэл явагдахаар болов. Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн  1  сул орон тоог нөхөх зорилгоор 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэл явуулахаар тогтлоо.
  4. Нийт шүүгчийн 3 дугаар чуулганаас Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжилсан саналтай танилцлаа. 
  5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газруудын 2025 оны 3 дугаар улирлын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд цахим хяналт шалгалтыг 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар хийсэн. Шүүхийн тамгын газруудын үнэлгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралд танилцууллаа.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ