Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ), Европын Холбооны санхүүжилттэй, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг үнэн зөв, ёс зүйтэй, чанартай сурвалжлах хэвлэл мэдээллийн орчныг бэхжүүлэх зорилгоор сэтгүүлчдэд зориулсан “Шүүхийг сурвалжлах: Тайлбарлах сэтгүүл зүйн хэрэглээ” хоёр өдрийн сургалтыг өнөөдөр эхлүүллээ.
Сургалтад үндэсний болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 30 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд оролцлоо. Төслийн багаас оролцогч нарт зориулан “Тайлбарлах сэтгүүл зүйн хэрэглээ” гарын авлагыг анх удаа хэвлэн гаргалаа. Тайлбарлах сэтгүүл зүй нь нарийн төвөгтэй мэдээллийг тайлбарлан ойлгуулж, тухайн нөхцөл байдал, үйл явц, дарааллыг тодруулж өгдөг тул эрх зүйн мэдлэг ойлголт дутмаг иргэд, олон нийтэд шүүхийн шийдвэр, үйл явцын цаад утга, логикийг ойлгомжтой байдлаар хүргэхэд чиглэдэг.
Хоёр өдрийн турш оролцогчид дараах асуудлуудыг хэлэлцэв:
- Тайлбарлах сэтгүүл зүйн гарын авлага ба сургалтын хөтөлбөрийн танилцуулга;
- Сэтгүүл зүйн төрлүүд, хэлбэрүүд ба тайлбарлах сэтгүүл зүйн онол, практикийн хувьд хэрхэн ялгардаг талаар;
- Шүүхийн сэтгүүл зүйн үндсэн ойлголт, мэдээлэл авах эрх, шүүхийн ил тод байдлын зохицуулалт;
- Шүүхийн сэтгүүл зүйн бүтээл бэлтгэхэд анхаарах хүний эрхийн асуудлууд, ёс зүйн зарчим;
- Практик дадлага - shuukh.mn-ээс бодит кейс сонгон бүтээлийн төлөвлөгөө гаргаж, бүтээл боловсруулж танилцуулах болон мэргэжилтнүүдийн санал зөвлөмж авах;
- Олон улсын сайн бүтээлийн жишээг танилцуулж, онцлог арга барилыг судлах
- Багийн ажлаар шүүхийн бодит кейс дээр тайлбарлах сэтгүүл зүйн бүтээл боловсруулах.
Уг сургалтын сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Хэвлэлийн Хүрээлэн болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-ын олон улсын болон дотоодын зөвлөх баг удирдан явууллаа.





