Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Н.Мөнгөнцэцэг, Суурин төлөөлөгч Феликс Гленк нар нь Ханнс Зайделийн сан Монгол Улсын шүүхийн салбарын хөгжил, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлд олон жилийн турш тууштай хамтран ажиллаж үр дүнд хүрснийг онцлон дурдаж, 2026-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүтцийн өөрчлөлтөөр Монгол Улс, БНСУ, БНАСАУ-ын хамтарсан бүсийн зохион байгуулалтад шилжүүлж, БНСУ-д байрлах Бүсийн төлөөлөгч нь удирдах болсон талаар танилцуулсан. Мөн Монгол Улс Германаас туршлага судлахаас гадна Герман Улс Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарын сайн туршлагаас суралцаж байгааг онцлов. Ханнс Зайделийн сан нь цаашид Монгол, Германыг холбох гүүр болон ажиллаж, эрх зүйт төрийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх болно гэдгийг суурин төлөөлөгч Феликс Гленк илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөл цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийн оролцоог сайжруулах, шүүхийн цахим системийг ашиглахад мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын хамгаалалтыг анхаарч, шүүхийн цахимжуулалтын талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллах саналаа хүргүүлээд байгаа бөгөөд сангийн зүгээс эдгээр саналуудыг судлан хариу өгөхөө мэдэгдлээ.

Талууд ийнхүү 2026 онд хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар байр сууриа солилцож, ирэх онуудын хамтын ажиллагааны гол чиглэлүүдээ тодорхойлон уулзалтаа өндөрлөсөн юм.Уулзалтад ШЕЗ-ийн гишүүн Н.Баасанжав, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, референт Б.Сугармаа болон сангийн менежер С.Мөнхжаргал, төслийн ажилтан, орчуулагч Э.Намуундарь нар оролцов.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ