Европын Холбооны санхүүжилттэй, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-ын хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн Удирдах хорооны гуравдугаар хурал өнөөдөр (2025.12.09) боллоо. Хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар даргалав. Төслийн Удирдах Хорооны бүрэлдэхүүнд Европын Холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, ОУЭЗХБ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн академи, Монголын Хуульчдын Холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэшнл төв зэрэг төр, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагуудын төлөөлөл багтаж байна. Хурлын үеэр ОУЭЗХБ-ын хөтөлбөрийн удирдагч Н.Одонтуяа 2025–2026 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилт 70 гаруй хувьтай байгаа талаар мөн онцлох үйл ажиллагаануудыг танилцууллаа.



Олон улсын зөвлөх Гиорги Чкейдзе Шүүх эрх мэдлийн болон хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны талаар танилцуулга хийж, олон улсын сайн туршлагыг хуваалцсан бол дотоодын зөвлөх Ж.Оюунцэцэг сэтгүүлчдэд зориулсан “Шүүхийг сурвалжлахуй-Тайлбарлах сэтгүүл зүй” сургалтын үр дүнг танилцуулав.
Хурлын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг болон Ина Марчюлёните нар хурлын үр дүн, цаашдын алхмуудыг нэгтгэн дүгнэж, хурлыг хаав.
“Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024–2026) төсөл нь иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, шүүх эрх мэдлийн салбарын тогтолцоог бэхжүүлэх зорилготой.
ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу. https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia



ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ