Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдааны тойм
Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 3 нэр дэвшигч, Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 7 нэр дэвшигчээс хүсэлтээ ирүүлсэн 6 нэр дэвшигч, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 1 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 15, Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтаар нөхөгдөөгүй орон тоонуудад сонгон шалгаруулалт зарлав. Нэр дэвшигчийн өргөдөл, баримт бичгийг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд тус тус бүртгэхээр тогтоов.
Хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3 орон тоонд мөн сонгон шалгаруулалт зарлаж, нэр дэвшигчийн өргөдөл, баримт бичгийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд бүртгэхээр тогтоож, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд шүүгч шилжүүлэн томилуулах зар байршуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 386 дугаар тогтоолоор “Шүүхийн захиргааны ажилтанд тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын төсөлд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.” гэж заасны дагуу санал авахаар тогтов.
Нэр бүхий шүүгчээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүргүүлж шийдвэрлэв.
Шүүгчийн сэлгэн ажиллах хугацааг дуусгавар болгох хүсэлтийг хэлэлцэж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах хугацааг дуусгавар болгов.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 3 шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэний дагуу зар байршуулсан бөгөөд 2 шүүгчээс сэлгэн ажиллах хүсэлт ирүүлснээс Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргалыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2 жилийн хугацаатайгаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ