Монгол Улсын орчин цагийн хууль зүйн шинжлэх ухаан, хууль тогтоомжийн шинэчлэл, хуульч мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд онцгой хувь нэмэр оруулж, өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Их сургуулийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд, ажлын алба, шүүхийн Тамгын газрын төлөөллүүд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүндэтгэл үзүүллээ.



Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг нээж, мэндчилгээ дэвшүүллээ. “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэн, дэлхийн бусад оронд сурталчлан таниулж, төр, нийгэм, үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагад олгодог болохыг онцлов. Мөн Багш Та ажил, амьдралынхаа бүх цаг үед их эзэн Чингис хааны билэг сургаал, түүний бий болгож үлдээсэн Монгол бахархлыг чанд баримтлан, сурган таниулж явдаг нэрт соён гэгээрүүлэгч, олон улсад хүндтэй эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн болохыг тодотгож, баяр хүргэж, эрүүл энхийг хүсэв.


“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич Содовсүрэнгийн Нарангэрэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад талархал илэрхийлэв. Эрхэм хүмүүний аав Содовсүрэн нь 16 насандаа Улаанбаатар хотын Шүүхийн нарийн бичгийн дарга, 18 насандаа Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга, 19 насандаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар томилогдон ажиллаж байсан түүхтэй. Мөн Монгол Улсын дээд шүүхийн удирдлагад 13 жил ажилласан Монгол Төрийн шүүгчийн хүү гэдгээрээ үргэлж бахархаж, орчин цагийн хуульчдыг бэлтгэх их үйлсэд 50 дахь жилдээ ажиллаж буйгаа тэмдэглэн, хуулийн дээр ёс суртахуун оршиж байдгийг үргэлж санаж, шударга, хичээнгүй, эр зоригтой ажиллахыг захив.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд мэндчилгээ дэвшүүлж, Монгол Төрийн өндөр, хариуцлагатай албанд ажиллах үедээ багшаасаа зөвлөгөө авч, тайлбар толь бичгийг нь судлан ажил хэрэгтээ ахиц дэвшил гаргаж байсан талаараа дурсамж яриа дэлгэв. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд талархал илэрхийлэв.


Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Их сургуулийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл Танд Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын ажилтнуудын нэрийн өмнөөс баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР