Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн О.Жанчивнямбуу, Х.Эрдэм-Ундрах нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс Зайделийн сангийн Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хамтарсан бүсийн суурин төлөөлөгч Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа.   

 

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Ханнс Зайделийн сан нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хуулийн байгууллагууд тэр дундаа шүүх эрх мэдлийн салбарт бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

 

 

Монгол улсад шүүхийн шинэтгэл эрчимтэй өрнөж, эрүү, иргэн, захиргааны дагнасан шүүхүүд байгуулагдсан бол энэ оноос үйл ажиллагаа нь эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүхийн туршлага судлах, эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, шүүхийн захиргааны ажилтныг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай сургалтад хамруулахад хамтарч ажиллах саналыг тавилаа.

 

 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч, уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын хууль шүүхийн байгууллагуудын хөгжлийн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Германд хэрхэн шийдвэрлэдэг талаар бодитоор харуулах, таниулах арга замаар шаардлагатай цэгүүдэд хүрч ажиллах, эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн нь үр дүнд хүрч байгааг онцолсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлтэй цаашид тодорхой арга хэмжээ, хөтөлбөр, стратеги төлөвлөгөөний дагуу бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. 

 

Өнөөдрийн уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан, Хансс Зайделийн сангийн Төлөөлөгчийн газрын менежер, гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал, Эрх зүйн төсөл хариуцсан менежер С.Амармэнд нар оролцлоо.

 

 

мэдээллийн төв