Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Г.Даваадорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар өнөөдөр (2026.02.13) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Дэд тэргүүн Нийл Вермильэнийг хүлээн авч уулзлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департмент, Элчин Сайдын Яамны дэмжлэг хамтын ажиллагааны дүнд Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төв, Муж улсуудын Шүүхийн үндэсний төв, Спурлокын шүүхийн сан зэрэг байгууллагуудтай олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй бөгөөд энэ харилцаа үр дүнтэй үргэлжлэн шинэ хөтөлбөр буюу Фулбрайтын мэргэжилтэн, Фулбрайтын англи хэлний туслах багш хөтөлбөрүүдийг өнгөрсөн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шинээр бүрдсэн Ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар товч танилцуулж, Шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоог сайжруулах, шүүгчийн хараат бус шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Америкийн Нэгдсэн Улсын туршлага судлах, хамтарсан уулзалт, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Дэд тэргүүн Нийл Вермильэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагатай олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг онцоллоо.
Цаашид ч эдгээр хөтөлбөрт оролцогчдын тоог нэмэгдүүлж, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн хараат бус шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Өнөөдрийн уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс, Улс төрийн ажилтан М.Номинцэцэг нар оролцлоо.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ