Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа нар 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 онд 2982 хэрэг хүлээн авч, 2915 хэргийг хянан шийдвэрлэж, шүүгчид зохист ачааллаас 45 хувийн илүү ачаалалтай ажиллаж байгааг мөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоо хангалтгүй, шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй бөгөөд шүүхийн байрны орчин нөхцөл муу, цахилгаан болон сантехникийн эвдрэл гэмтэл их гардаг зэрэг тулгамдсан асуудлуудыг дэвшүүлж, шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэх, цахилгааны нөөц үүсгүүр шийдвэрлэж өгөх, олон хавтаст хэргийн 20 хавтас тутмыг 1 хэргээр тооцох, олон холбогдогчтой, онц ноцтой хэргийн бүрэлдэхүүнд орж ажилласан шүүгчдийн ачааллыг тооцдог болох, нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгч нарт хариу мэдээллийг шуурхай өгөх, шүүхэд сэтгэл зүйч ажиллуулах, шүүгч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэв.


Шүүхийн захиргааны ажилтнуудын хувьд мөн ажлын ачаалал өндөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоог нэмэгдүүлэх, өрөө тасалгаа хүрэлцээгүй, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлж, шууд дамжуулалтын тоног төхөөрөмжийг сайжруулах, серверийн багтаамжийг дүүргэж буй олон жилийн бичлэгүүдийг шийдвэрлэх, Эрүүгийн хэргийн цахим системийг сайжруулах, нууцын журамд өөрчлөлт оруулах, ажлын ачаалал нэмж буй ач холбогдолгүй системүүдийн ажиллагааг зогсоох, цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлж, саналаа хэллээ.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд шүүхүүдэд тулгарч буй тулгамдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар мэдээлэл өгч, хүний нөөцийн бодлого, ачаалал тооцох аргачлал, шүүхийн барилга байгууламж, төсөв санхүү, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийн үйлчилгээг сайжруулах зэрэг асуудлыг түр аргацаах бус цогцоор нь харж, үе шаттай шийдвэрлэхээ илэрхийлэв.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ